Монгол Улсыг хүүхдэд ээлгүй, хүүхдэд хайргүй, хүүхэд эрүүл саруул өсөх, ижил боловсрол эзэмших боломжгүй хэмээн сүүлийн жилүүдэд хүний эрхийн байгууллагаас болоод олон нийтийн зүгээс нэлээд хатуу шүүмжлэх болсон. Хүүхэд бүр эсэн мэнд амьдарч, өсөж хөгжих эрхтэй.

Гэвч хүүхэд, өсвөр үеийнхэн төрсний дараах эсэн мэнд үлдэх, тэдний өсөлт хөгжилтэй холбоотой хүнд сорилтууд тулгарсаар байна.

Жишээлбэл, 2018 онд ил харагдах цахилгааны утсанд цохиулж бага насны гурван хүүхэд амь насаа алдаж байсан. 2019 онд мөн л таван настай хүү цахилгааны утсанд цохиулж өөд болсон. Эдгээр харамсалтай хэргүүдийн дараа бид олон нийтийн сүлжээгээр ямар ч үр дүнгүй шуугиад өнгөрдөг нь харамсалтай. 2018 оны нэгэн хэргийг эргэн сануулвал, Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Шинэс” эмийн сангийн төмөр хаалганд есөн настай хүү тогонд цохиулж амиа алдсан. Тухайн барилгын эзэнд шүүхээс нэг жилийн хорих ял оноосон бол эмийн сангийн эрхлэгчийг ямар ч буруугүй хэмээн үзсэн байдаг. Эцэстээ хүүгийн амь насыг 25 сая төгрөгөөр үнэлэн хэрэг хаагдсан. Хүүг амиа алдсаны дараагаар хэвлэл мэдээллийн байгууллагууд хүүхдийн аюулгүй өсөх орчины талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран нэлээд шүүмж, хэлэлцүүлэг өрнүүлсэн боловч төрийн дэмжлэг аанай л алгуур хэвээр байсан юм.

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 26-нд Төмөр зам орчмын нэгэн байрны цахилгаан шатны хонгилд гурван настай хүү унаж, амиа алджээ.

Хүүг дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эргүүлийн автомашинаар эцэг эхийн хамт “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хүргэсэн ч эмнэлэгт очсоны дараа нас барсан байна. Бага насны хүүхэд амь эрсдэх гол шалтгааныг эцэг эхийн хайхрамжгүй, хараа хяналтгүй байдлаас үүдэлтэй хэмээн тайлбарладаг. Гэвч хүрээлэн буй орчин, барилга, аж ахуй нэгж байгууллагууд, зам тээвэр гээд бүхий л газар хүүхдийг аюулгүй, осол эндлээс хамгаалахын тулд зөвхөн эцэг эх гэлтгүй томчууд үргэлж анхаарч байх үүрэгтэй.

2020 онд 0-5 настай хүүхдийн эндэгдэл өмнөх оноос 20 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2021 оны 12 сард л гэхэд Улаанбаатар хотод 0-5 насны 14 хүүхэд амь эрсэджээ. Бага насны хүүхдийн эндэгдлийн дийлэнх хувийг томуу, томуу төст өвчний үеийн уушгины хатгалгаа эзэлдэг бол урин дулаан цагт гол усанд эндэх, зам тээврийн ослоор амь эрсдэх нь нэмэгддэг байна. Мөн ахуйн хүрээний ослууд дотор цахилгааны утсанд цохиулах, өндрөөс унах зэрэг нь хамгийн эрсдэлтэйд тооцогдог ажээ. Үүн дээр хүчирхийллийн улмаас өөд болсон хүүхдүүдийн тоо ч нэмэгдэнэ. Тухайлбал, өчигдөр өөд болсон хүүгийн цахилгаан шатны хаалга эвдрээд олон хоносон бөгөөд байрны оршин суугчид СӨХ-ндоо удаа дараа мэдэгдсэн ч ямар ч арга хэмжээ аваагүйн улмаас бяцхан хүү амиа алдлаа.

Энэ мэт болгоомжгүй, орчны аюулгүй байдалдаа анхаардаггүй, хайхрамжгүй, хайргүй томчуудаас болж Монгол Улс бяцхан иргэдээ жилд 150-200 орчмыг алдсаар байна.

Энэ бол дайн дажингүй,энхийн цагт амьдарч байгаа улсад хэт өндөр тоо гэдгийг ДЭМБ-аас жил бүрийн тайландаа дурдсан байдаг. Хүүхдийн амь насыг урьдын адил мөнгөөр үнэлж, хэрэг шийдэгдээд өнгөрөх биз. Гэвч бид хэдий болтол бяцхан үрсдээ харгис, хэрцгий хандсаар байх вэ?

УЯНГА