“Болор цом”-ын эзэн яруу найрагч Агваржин Ж.Баяржаргал болон зохиолч Б.Сарантуяа нарыг Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнах Ерөнхийлөгчийн тушаал гарчээ.

“Монгол улсын гавьяат зүтгэлтэн” цолыг ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч, хөдөлмөрийн амжилт гаргасан буюу улс ардын аж ахуй, нийгэм, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүст олгоно гэж заасан байдаг. Гавьяат зүтгэлтэн цол хүртсэн хүмүүст Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолын тэмдэг, үнэмлэх, мөнгөн шагналыг олгодог байна.

Агваржин Ж.Баяржаргал нь “Гучин татарын зуслан” (2002), “Дөтгөөр галавын турадас буюу дээд мандал дахь бослого” (2003), “Гэрлийн жилийн хэлмэрч” (2006), “Аадрын оршил үүлс голын дээгүүр манарна” (2008), “Сэрлийн цаг агаар” (2011), “Замилан таалал” (2019) зэрэг яруу найргийн бүтээлтэй.

Зохиолч Б.Сарантуяа нь “Сорхугтани” (2012), “Сайн хаан Бат” (2014), “Самар хатан” (2017), “Сэтгэл залгигч хот” (2020), “Тогосын цөс” (2021) зэрэг романуудыг бүтээжээ.