Цар тахлаас болоод монголчууд хоёр жил гэртээ шинэлж, зүг мөрөө гаргасан. Бар жилийн сар шинийн баярыг хот хөдөөгүй жинхэнэ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Золголт, шинэлгээ дуусаагүй л байна.

Бас энэ цагаан сараар цар тахал “цаашаа” л гэцгээлээ шүү. Хөдөө аймгуудад бүр амны хаалтаа аваад хаячихсан ч харагдаж байна. Энэ мэт шинэлгээ задгайрснаас болсон уу, сүүлийн хэд хоногт халдварын тоо, нас баралт нэмэгдэх төлөвтэй болов. Гэхдээ Япон, Солонгосыг бодвол Монголд омикроны хор харьцангуй гайгүй тусч байна. Вакцины нэг, хоёрдугаар тунд хүн амын 70 гаруй хувь хамрагдсантай холбоотой бололтой. ДЭМБ ийм дүгнэлт хийж байгаа гэх мэдээлэл бий. Ингэж шинэлж буй өдрүүдэд өмнөд хөршийн Бээжинд бидэнд тун чиг хамаатай үйл явдлууд болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцохоор цагаан сарын шинийн 2 буюу 2022 оны хоёрдугаар сарын 3-нд морджээ. Тэгээд 5-ны өдөр Хятадын Ерөнхий сайд Ли Көчянтай уулзсан байна. Уулзалтаар хэд хэдэн асуудлаар тохироонд хүрч, ойлголцсон талаар Засгийн газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлжээ.

 

-Хоёр улсын Ерөнхий сайд Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх нь хоёр талын хөгжлийн эрх ашигт харилцан нийцнэ гэдэгт санал нэгдсэн.

-Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон. Ингэснээр 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарсан.

 

 

-Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарч буйгаа илэрхийлсэн.

 

 

 

-“Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг 2026 он хүртэл гурван жилээр сунгахаар болсон.

-Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих төслийг эрчимжүүлэх талаар санал солилцсон.

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллахаар зөвшилцсөн.

-ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан тул тус төслийн ажлыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцсон.

-“Нэг тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаар болсон.

-Монгол Улсын оюутнуудыг БНХАУ-д очиж, танхимаар хичээллэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхийн зэрэгцээ БНХАУ-д суралцах тэтгэлгийг нэмэгдүүлнэ.

-Хятадын тал цар тахлын эсрэг вакциныг үргэлжлүүлэн нийлүүлэх боломжтойгоо илэрхийлжээ. Ийм мэдээллийг өгчээ.

 

 

Хятадын Ерөнхий сайд Ли Көчян мөн “...Замын-Үүд-Эрээний боомтыг хэвийн горимд ороход онцгой анхаарна” гэжээ. Хятадын энэ жижигхэн боомт цар тахал, өвлийн олимпоос болоод байнга хаалттай байх болсон. Энэ нь Монголын эдийн засагт “газар хөдөлгөж” дөнгөсөн. Бараа бүтээгдэхүүн хомсдож, “юм”-ны үнэ тэнгэрт гарсан. Тэгэхээр Хятадын Ерөнхий сайдын энэ үг монголчууд бидэнд аятайхан л дуулдаж байна.

 

 

Хятадын Ерөнхий сайд бас нэг зүйлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын 2021 оны сүүлийн чуулган дээр “...Олимп бол хүн төрөлхтний баяр бөгөөд улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс Монгол Улс өвлийн олимпийг дэмжиж, Ерөнхий сайд миний бие олимпийн арга хэмжээнд оролцоно. Эв санааны хувьд нэг байгаа гэдгээ илэрхийлнэ. Олимп бол улстөржих сэдэв биш. Цар тахлын хүнд үед зуны олимпийг зохион байгуулж буй Япон улстай эв санааны хувьд хамт, нэгдмэл байгаа гэдгээ илэрхийлсэн” гэж мэдэгдсэн. Үүнийг “...Хятадын төр засаг, ард түмэн баяртайгаар хүлээн авсан” хэмээжээ. Энд нэг зүйл байгаа юм. Улс том, эсхүл жижиг эсэх нь хамаагүй, хамгийн гол нь тусгаар тогтнолтой улс гадаад бодлогоороо зөв дуугарвал юу болох вэ гэдгийг харуулсан “жижигхэн” жишээ юм. 

 

Яг үнэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ айлчлал /олимпийн нээлтэд оролцох/ бол сүүлийн хоёр жилд Хятадын Ерөнхий сайдтай биечлэн уулзах боломж нь байсан. Үүнийг ашиглаж чадах эсэх нь харин Л.Оюун-Эрдэнээс шалтгаална гэж олон улстөрч, судлаачид ярьсан, бас бичсэн. Учир нь өнөөдөр Монгол байтугай дэлхий нийтээрээ л эдийн засгийн хувьд Хятадын амыг харж байна. Харин Ерөнхий сайд боломжийг сайтар ашиглаж, Монголдоо маш хэрэгтэйгээр “олимпийн нээлт үзчихээд” ирэх нь бололтой.  Ер нь бол энэ айлчлалын хамгийн том амжилт нь Гашуунсухайт-Ганцмод хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон явдал боллоо.

Засгийн газар “...Ингэснээр 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарсан” гэж мэдэгдсэн. Энэ үнэн. Бид мэднэ дээ, өргөн, нарийн цариг гэдэг маргаан мэргэжлийнхнээс халиад улс төр, бизнесийн томоохон хэрүүлийн алим болоод олон жил болсон. Монголчууд биднийгээ “...Тэнэг” хэмээдэг бүлэг энэ дээр ажиллаж, “...Нарийн царигтай болчих юм бол урдаас танк ороод ирнэ” гэх мэтээр үлгэр уншсаар өнөөдрийг хүрсэн юм. Гэвч энэ бүхний цаана “...Монгол, Хятадын хилийн боомт хоорондоо төмөр замаар холбогдох ёсгүй” гэсэн өөрсдийнх нь ашиг сонирхлыг хамгаалсан чагт л байв. Ингэж чагталж байгаад л нүүрс, зэс гээд экспортын ачаа тээврийг гартаа базсан тэр бүлэглэлийн бизнес үржин дэлгэрч байх учиртай байв. Тэгж ч ирсэн. Өөрөөр хэлбэл, энэ бүхний ард маш их хэмжээний хөрөнгө мөнгө эргэдэг далд эдийн засаг бий. Та бидний санаанд оромгүй том тоотой мөнгө шүү. Нөгөө, С.Баярцогтын ярьдаг хэдэн мянган хувьсгагчтай гэх нь хаашаа юм, лав Монголын “ил” эдийн засгийг 3-4 нугална. Тэрийг томоохон улстөрчид, тэдний гар хөлүүд гээд Монголдоо нэртэй, зүстэй, нөлөөтэй нөхдүүд хийдэг юм байна лээ. Үндсэндээ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хятадын Ерөнхий сайдтай тохирсон Гашуунсухайт-Ганцмодны хил холболтыг хийж чадвал, шууд утгаараа хоёр дахь Оюутолгой л гэсэн үг болно. Оюутолгойн доороос баялаг гаргаж ашиг хүртэх бол энэ төмөр замын асуудал нь хулгайчдын халаасанд бүртгэлгүй ордог Монголын нийтийн хөрөнгө эзэддээ ирнэ. Ийм л юм. Тийм учраас олон жилийн энэ ашиг орлогоо хаалгахгүй гэж нөхдүүд үзнэ. Улстөржүүлнэ. “..Огцруулна” гэж дайрна. Ер нь их юм болно доо. Харин тэднийг “төр” дийлэх болов уу, яах бол?!

 

Ямар ч байсан, ийнхүү царигийн маргаанд цэг хатгасан нь Монголын улс төрд “далд дайн” эхлүүлж болзошгүй боллоо.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин