УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн билээ. 

Уг тогтоолын төсөлд:

  1. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах,
  2. “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-ийн газрын талбайн хэмжээг 1,000 га-аар тогтоох тухай асуудлыг тусгасан байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой.

Монгол Улсыг босгож ирэх гурван том салбар бий. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал. Монгол ирж байгаа жуулчдын хэдэн төгрөгийг улс орондоо авч үлдэх бодлогыг бий болгох хэрэгтэй. Тиймээс асуудлыг зоригтой шийд. Үүний нэг нь казиногийн хууль.

Казиногийн хууль гэхээр бид хадны мангаа байгаа юм шиг ойлгодог. Намайг үүнийг ярихаар янз янзаар гоочлох л байх.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд казиногийн хуультай, үүнээс орж ирдэг ашгаа зөв зүйтэй зарцуулдаг.

Монголд боловсрол, эрүүл мэндийн салбар, цалин тэтгэвэр нэмэх зэрэг олон асуудалд үүнийг ашиглаж болно.

Казинотой болчхоор гаднынхан буу зэвсэгтэй орж ирээд буудалцаад, болж бүтэхгүй юм дагаж орж ирдэг гэдэг хоцрогдсон ойлголтоо таягдан хаях ёстой" гэв.