АН-ынхан эвлэлдэхээ болиод удаж байна. Олон фракцтай. Түүгээрээ талцаад салчихсан. Албан ёсоор хоёр ч АН үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ тэрхүү ажлууд нь хууль ёсных гэдэг эргэлзээтэй.

С.Эрдэнэд байдаг тамгаар төрийн хоёр ч сонгуульд оролцсон. Харин С.Эрдэнэ нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш болсон “АН-ын Онц их хурал”, одоогийн “АН-ын даргын сунгаа” гэх мэт ажиллагаанд оролцсонгүй. Тэрбээр “...Наадах чинь хууль бус шүү” гэж цахим мэдэгдэл хийчихээд л суугаа байгаа юм.

Гэхдээ сая О.Цогтгэрэлийн АН-аас зарласан намын даргын сунгааны талаар цахим мэдэгдэл нь нэлээд чангарсан харагдав. Учир нь Х.Баттулга нэр дэвшсэн юм байна. С.Эрдэнэ тэр мэдэгдлийнхээ төгсгөлд “...Хэрвээ Х.Баттулга тэргүүтнүүд шүүхэд нөлөөлж, улс төрийн луйвар хийх юм бол бид эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн байна. Х.Баттулгад асар их зүйл хийх боломж байсан, бүх эрх мэдэл түүнд байсан. Гэвч гурван удаа УИХ-ын гишүүн, гурван удаа сайд, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа ард түмнийхээ хайрыг даасангүй. Иймээс би Х.Баттулгыг халз мэтгэлцээнд дуудаж байна. Хэн нь илүү Монгол төрийн төлөө зүтгэсэн юм бэ гэдгээ шууд ярилцья. Үнэхээр та АН-ын дарга байж чадах уу гэсэн асуултад хариулт өгье” гэсэн юм.

Харин АН-ын даргын сунгаанд өрсөлдөгч Х.Баттулга хөдөө гараад явчихсан. С.Эрдэнийн мэдэгдэлд ямар нэг хариу өгсөнгүй.

М.Тулгатын АН-ынхан ч дуугүй суусангүй. Тэр АН-ын генсек Ч.Өнөрбаяр “...Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар АН-аас Х.Баттулга нэр дэвшиж, ялалт байгуулсан. Энэ хүн “...Ардчилсан тогтолцоог хамгаална” гэж нэр дэвшсэн ч Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо маргааш нь Монголын ардчилалд заналхийлж эхэлсэн. Ийм хүн Ардчилсан намын даргын гишүүн битгий хэл даргын сунгаанд өрсөлдөх эрхгүй. МАН-ын зөвлөх яагаад АН-ын даргад өрсөлдөнө гэж. Энэ асуултад Ерөнхий сайд хариулт өгөх ёстой. АН-ыг самрах гэж өөрийнхөө зөвлөхийг нэр дэвшүүлж байна уу. МАН-ын шударга ёс ярьдаг гишүүд намынхаа даргаас асуухыг шаардаж байна. Бид энэ бүхнийг өөгшүүлэхгүй. АН-ын хууль ёсны тамга хаана байна вэ гэдгийг шүүхийн шийдвэр тогтоосон” гэсэн юм.

За, ямар ч байсан урьд нэг байсан АН-ын нэг хэсэг нь ийм байр суурь илэрхийлж байна.

Өөрөө болохоор 2022 оны гуравдугаар сарын 16-нд АН-ын даргын сунгаанд өрсөлдөгч болсныхоо дараа “...Би одоо 21 аймгаараа явна. АН-ын даргын сунгаа бол ганц намын асуудал биш. Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай, ард түмэн нь иргэдээ парламентад сонгодог парламент байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сонгуульт сунгаа юм. Тийм учраас АН-ын даргын сунгаа гэж битгий ойлгоорой. Монгол Улс парламентын засаглалтай байх эсэхийг тогтооно. Өнөөдөр төрд хэт олонх гарч, төрийн гурван өндөрлөг нь нэг намаас сонгогдсон. Ардчилсан нийгэмд ямар байгааг бид амьдралаараа, яс махаараа мэдэрч байна. Тийм учраас АН парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль гэж өөрийгөө сонгуульд сойж байна” гэж ярилцлага өгсөн байдаг.

Өнөөдөр парламентын засаглалын төлөө ингэтлээ зүтгэж буй Х.Баттулга өчигдөрхөн Ерөнхийлөгчийн засаглалын хүсэмжлэгч байв шүү. Тэгэж ярихдаа тэр Ерөнхийлөгч байсан л даа.

2019 оны есдүгээр сарын 9-ний өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөө буцааж буй тухай саналыг нь ЕТГ-ын дарга З.Энхболд хэвлэл мэдээллтийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд уншиж өгч байв. Тэр үед “...Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч нэгмөр асууж шийдвэрлэх ёстой. Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна” гэж байв.

Ямартай ч АН-ын даргын сунгаа хэмээх галт тэрэг хөдөлсөн. Яг үнэндээ О.Цогтгэрэлээс илүү С.Эрдэнийн тамгыг уламжилсан гэдгээрээ М.Тулгатынх нь АН арай хууль ёсныдуу гэгддэг. Ямар ч байсан, С.Эрдэнэд байгаа тамгатай бичиг АН-ын хувь заяаны шийдэл болох учиртай юм билээ. Гэхдээ тэд учраа олохгүй л байна, эсвэл албаар ингэж сатаараад байна уу. Ямар ч байсан ямар нэг шийдэлгүй, ийм нэг тодорхой бус яваад л байгаа. Нэг үгээр хэлбэл, АН ийм байдалтай байна.

Ийм нөхцөлд Х.Баттулга ирээдүй нь бүрхэг АН дээр очоод “...Дарга болъё” гээд яваад байгаа нь гайхаш төрүүлнэ. Баахан мөнгө шатаагаад хөдөө орон нутгаар явчихлаа.

Зарчмын хувьд энэ сунгааны эцэст Х.Баттулга, Ж.Батсуурь хоёрын нэг нь О.Цогтгэрэлээс тамга авна. Гэвч гоё нь “...Хэн нь вэ” гэдэг бараг тодорхой. Х.Баттулга “О.Цогтгэрэлийн АН-ын даргын сунгаанд ялна” гэж байна. Учир нь Х.Баттулга саяхан Ерөнхийлөгчөөс буусан. Ерөнхийлөгч байсан хүн байна даа, олон нийтийн дэмжлэгийн суурь үлдсэн нь ойлгомжтой. Үүнд дулдуйдах нь Х.Баттулга байтугайгаас гарна. Гайхах юм биш.

Бас Ж.Батсуурь бол Х.Баттулгын өрсөлдөгч биш. Энэ нөхрийн АН-ын даргад нэр дэвших чансаатай эсэх эргэлзээтэй. Тэгэхээр Х.Баттулгын өрсөлдөгч болоод гараад ирсэн нь улс төрийн эр зориг, ашиг сонирхол огт биш юм.

Харин Ж.Батсуурь энэ сунгаанд зүгээр л Х.Баттулгыг тодруулагч дүр болж буйгаараа онцлогтой. Тэгсэн атлаа хөөрхөн шоутай. Х.Баттулгын менежер нь “...Ж.Батсуурь дэнчингийн мөнгөө өгсөнгүй” гэж гомдол гаргаад, нөгөөхийг нь О.Цогтгэрэлийн АН-ын Дотоод сонгуулийн хороо хэвлэлийнхэнд мэдээлж, улмаар Х.Баттулгын менежерт “...Төлсөн” гэж бичиг явуулаад л... Арга хэмжээ ийм “амьд” байх ёстой л доо.

За ингээд, АН-ын даргын сунгаа гэдэг юм болж өнгөрлөө. Х.Баттулга ялчихлаа. АН-ын даргын тамга тэмдэг аваад бөөн ёслолын үйл ажиллагаа болно. Дараа нь юу болох вэ. Х.Баттулга яагаад заавал ялж, намын даргын тамга барьж яах нь вэ гэдэг асуулт гарч ирнэ. Эндээс хоёр хувилбар харагдаад байгаа юм.

Мэдээж, Дээд шүүхээд бүртгэл хийлгэхээр хандана. Чухамдаа энэ л хамгийн гол өрнөл хэсэг нь байгаа юм. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа томилсон Дээд шүүхийн дарга Д.Ганзоригт найдаж байж болох юм. Нөгөөх нь “...Ялбал батлаад өгнө” гэсэн ч юм уу, нэг тийм найдлага Х.Баттулгад байж болно. Өөр нэг хувилбар бол О.Цогтгэрэлийн тамгыг Дээд шүүх бүртгэхгүй гэдгийг Х.Баттулга мэдэхийн дээдээр мэднэ. Тиймээс Дээд шүүхээс эхлээд Сүхбаатарын талбай хүртэл эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж мэдэх л юм. Ядаж байхад манайхан ч улс төрийн хаврын синдромдоо хачин дуртай. Цаг үе нь ч янзын таарсан. Таарсан ч гэж тааруулсан юм даг уу даа.

Хамгийн гол нь, энэ бол зүгээр нэг О.Цогтгэрэлийн АН-ын даргын сунгаа биш юм. Маш ноцтой нь энэ сунгааны дараа улсаар нь жонхууруулсан улс төр өрнөж мэднэ. Болгоомж илүүдэхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин