Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хуралдааны явцад гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 2011 онд 10 жилийн хугацаанд концессын гэрээгээр Бейсмент гэдэг компанид шилжүүлсэн. Гэвч 2015 онд өртэй хувьчлах шийдвэр гарснаар уг компанид хувьчлах маягтай болсон ч өнөөдрийн байдлаар бараг эзэнгүй байна.

2015 онд Бейсмент гэдэг ганц хүнтэй компани татан буугдсанаар Хөтөл гэж нэр авсан юм. Хувьчилж авсан гэх хүн нь нас барсны дараа Хөтөлийг өв залгамжлагчид нь авахаас татгалзсан. 

Хуулийн байгууллага үүнийг шалгаж байгаа. Хувьчилсан шийдвэрээ хүчингүй болгох санал ирүүлсэн" гэлээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Нацагдолгор нарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багтай хамтарч ажиллаж чадаагүй гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэв

Сангийн сайд Б.Жавхлан 

Тэрбээр "Засгийн газрын хуралдаан бүрд ОХУ, Украинтай үүссэн зэвсэгт мөргөлдөөний талаар болон түүнээс орж буй эдийн засгийн, бусад нөлөөллийг судлах, сөрөг нөлөөг сааруулах, хохирол бага амсах талаар холбогдох яамд мэдээллээ нэгтгэж, ярилцаж байгаа. ОХУ-ын эсрэг улс орнуудын хэрэгжүүлж буй санкцууд манай улсад тодорхой хэмжээнд нөлөөлж байна. 

Эдийн засагт хэд хэдэн сувгаар нөлөөлж, хүндэрч болзошгүй. Эхний асуудал бол гадаад худалдаа. Үүнд бид үргэлж алдагдалтай явж ирсэн. ОХУ-аас авч буй импортын бүтээгдэхүүний 75 хувь нь шатахуун. 

Ойрын хугацаанд валютын нөөцөө хамгаалах, экспортын бүтээгдэхүүн, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанктай хамтарч ажиллана. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 4-р сарын 1-нээс Эрдэнэс Тавантолгой компанийн олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. 

Роснефть гэрээний дагуу нийлүүлэлт хийж байгаа. Манай талаас импортлогч талууд төлбөрийн хувьд асуудалгүйгээр хийж байна. Гэвч хоёрдугаар сарын 24-нөөс хойш 180 сая ам.долларын шатахууны төлбөр хийгдсэн. Цаашид үүнийг тогтвортой хадгалж ажиллахыг хичээх болно. 

Манай улс Засгийн газрын түвшинд хувь эзэмшигч болон олон талт хамтын ажиллагааны хөгжлийн түнш хэлбэрээр хувь нийлүүлэгч болж ажилладаг. Азийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн банк, МБС, МИБ зэрэг банканд хувьтай. Эдгээрээс зарим нэг банк санкцтай нэгдэхээ илэрхийлсэн. Харин хувь нийлүүлэгчийн хувьд Монгол Улсыг зарим байр суурьтай байхыг асуусан. 

Монгол Улс гадаад бодлогын хувьд нэг цонхны бодлоготой тул НҮБ-д илэрхийлсэн түдгэлзсэн байр суурь хэвээр гэдгийг мэдэгдсэн.

Түүнчлэн ойрын хугацаанд Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ. 

Экспортын хувьд шатахууныг зогсоох боломжгүй тул үйл ажиллагаа үргэлжилнэ. Тиймээс төлдөг төлбөрөө бид төлсөөр байх нь. Харин экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Гэвч урд хөрш хязгаартайгаар бүтээгдэхүүн авч байгаа тул АМНАТ төдийлөн төвлөрөхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгойгоос өгсөн мэдээллээр 280 орчим тэрбум төгрөгийг банкуудаас зээлж, төсөвт төлөх ёстой АМНАТ-аа төлнө. Экспорт төлөвлөсөн хэмжээнд явах, уурхайгаас олборлолт, тээвэрлэлтийг эхлүүлэх нь чухал байна. Экспорт нэмэгдэж байж валютын урсгал бий болно" гэлээ.