Н.ТҮВШИН

ЭХЭМҮТ-ийн барилгын хаа сайгүй хана туурга нь хагарч, ан цав сууж, будаг шавар нь ховхорч унажээ. Монголдоо л хүүхдийн эмчилгээгээр тэргүүлэх эл эмнэлэг өнөөдөр гаднаасаа иймэрхүү дүр төрхтэй угтана. 1987 онд ашиглалтад орсноосоо хойш хүний гар хүрээгүй гэлтэй халтайж, халцарсан нэг л “эзэнгүй” харагдах.

Зарим хэсгийн таазны шавар нурж, хүн бэртэж гэмтээхэд тун ч ойрхон болжээ. Байгууламжийн зүүн талын ЭРГЭЛТ-1 гэсэн хаяг бүхий арктай хэсгийн тааз нэлээд том хэмжээтэй хоёр ч газарт хагарч нурсан нь иймэрхүү байдалтай удсаныг илтгэнэ. Ойролцоогоор 5-6 метр өндөр болов уу гэмээр энэ аркийн таазнаас шавар ховхорч унавал хүн бэртээх эрсдэлтэй нь тодорхой. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан сахидаг “Оюу толгой” мэтийн газарт ийм зүйл харагдвал бушуухан тусгаарлах тууз татаад, хүн явах хориотой хэсэг болгочихно. Тэгээд засаж янзлана. Харин ЭХЭМҮТ-ийн хувьд байдаг л зүйл хэмээн эвлэрсэн шинжтэй.

Ер нь, нийт барилгын хаяа олон жил ус бороонд идэгдсэнээс болсон уу гэлтэй хагарч цуурсан, өнгө шавар нь ховхорсон харагдана. Барилгуудын доод хэсгээр хагарч ховхроогүй газар бараг үлдээгүй аж. Зарим хэсэгтээ хана туурга нь хөгцөрч, будаг нь хуурчээ. Тэр ч байтугай хүн амьдралгүй удсан аглаг дахь сууц шиг байшингийн хаалга, саравч хэсгийн хагархайгаас хатаж арзайсан шарилж цухуйна.

Эмнэлгийн барилгад дорвитойхон засвар хэзээ хийсэн юм, бүү мэд. Хийсэн ч олигтойхон засаагүй бололтой. 1-9 хүртэлх эргэлтийн хаалга бүрээр орж үзлээ. Бүгд нэг стандарттай биш өөр өөр. Гэхдээ эмнэлгийн орчин гэхээргүй засвар хийсэн харагдана. Зарим нь засах байтугай нурсан хэсгийг ч цэвэрлээгүй байх юм. Ханын будаг нь ховхорч сарзайна. Эмнэлгийн удирдах албан тушаалтнуудаас барилгын засвар орчны цэвэрлэгээний талаар асуух санаатай эмнэлгийн хашаагаар ийш тийш явахад бараг л булан тохой бүр нь нийтийн бие засах газар болжээ. Цэвэрлээгүй удаж. Хавар болоод хөлдүүс нь гэсэж, хамар сэнхийтэл муухай үнэртэх аж.

Эдний хашаатай залгаа “Гурван гал” эмнэлэг гаднаасаа гял цал, цэвэр цэмцгэр. Чухам хувь хувьсгалын ялгаа хэдхэн метрийн зайтай эл хоёр эмнэлгийн өнгө төрхөөр хэм­жиг­дэнэ. Хувийн хэвшлийнх өөрийн гэсэн сэтгэл гаргаж арчилж торддог учир гадна талдаа ч цэвэр цэмцгэр.

Юутай ч эмнэлгийн засвар үйл­чилгээ бас нурж болзошгүй аюултай харагдсан хэсгийг тусгаарлаж хаалт хийдэггүй юм уу, шат чинь нурснаас хүүхдээ тэвэрч яваа ээж золтой л уначихсангүй ядаж шатаа янзлахгүй юм уу, эмнэлгийнхэн хоёрхон цаг “субботник” хийгээд булан тохойныхоо үнэртэй хэсгийг цэвэрлэж болохгүй хэрэг үү, хагдарч тоосонд дарагдсан шарилж өвснөөсөө салах­гүй юм уу, танайх хамгийн сүүлд хэзээ их засвар хийв, энэ жил засвар хийхгүй юу гэх мэт олон асуултад хариулт авахаар хашааны хамгийн хойд талд байрлах Захиргааны байр орлоо.

Захиргааны барилга нь засвар хийсэн, гаднаасаа гял цал. Дотроо ч цэвэр цэмцгэр.

Үүдэнд нь угтагч байдаг бололтой ч хүн алга. Хэсэг хүлээсний дараа нэг хүн ирлээ. Учир явдлаа хэлтэл “Таны асуултад хариулт өгөх хүн нь хангамж үйлчилгээний хэлтсийн дарга л хариулт өгнө дөө, та энэ байр руу яв” гээд ханан дахь байршлын зурагт зааж өглөө. Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Чулуунсүрэнтэй уулзаж, орчны бохирдол, барилгын засвар үйлчилгээний талаар асуухад “Би энэ талаар хариулт өгөх хүн биш, манай Стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Жамъянтай уулз, эсвэл хэвлэлийн албаны Бадамнямтай уулз. Захиргааны байранд байгаа” гэж уриалгахнаар татгалзав. Эргээд л захиргааны байр. Дахиад л нөгөө үүдний нөхөр алга. Удалгүй жижүүр нь ирэв. Жамъян захиралтай уулзахаа хэлтэл дөрөвдүгээр давхарт байдаг, гэхдээ цайны цаг болж байна гээд халгаадаггүй. Юутай ч ирснийх өрөөг нь очиж тогшиж үзье, байж магад гэсээр дөрөвдүгээр давхарт Жамъян захирлын өрөөнд очлоо. Цаг 12:30 болчихсон учир Жамъян захирал цайндаа гарчээ.

Цаахан талын өрөөнд Ерөнхий захирал Алтантуяагийн өрөө байна. Дамжиж ордог өрөөний үүдэнд нь захирлын туслах эмэгтэй сууна. “Захирал гадуур гарсан, таны наад асуултад Жамъян дарга л хариулна гээд утасны дугаарыг нь өглөө. Залгаж “Би эмнэлгийн орчны хэдэн зураг авсан л даа. Танайх засвар хийх төлөвлөгөө байна уу. Төсөв хөрөнгө нь суусан уу” гээд л хэд хэдэн зүйл асуутал “Мөд ажил дээрээ очихгүй, гэхдээ энэ талаар Алтантуяа захирал л хариулна. Та хүлээж байгаад уулзчих, одоо очиж яваа” гээд утас тасрав. Ерөнхий захирал Ш.Алтантуяа руу хэд хэд залгасан ч утсаа авасангүй.

Эмнэлгийн захиргаанаас хариулт авч чадаагүй учраас хэвлэлийн албаны н.Бадамнямаас тодруулахаар утасдлаа. Тэрбээр “Би одоогоор гадуур ажилтай, хаана тийм хагарч гэмтсэн зүйл байгаа юм, та авсан зургаа мэйлээр явуулчих би зургийг чинь харж байгаад хариулт өгөх хүн холбож өгье. Манай эмнэлгийн хувьд энэ жил өргөтгөл барихаар төсөвт суугдсан байгаа. Мөн Ерөнхий сайд ирэх үеэрээ засвар хийж өгнө гэсэн” хэмээн утасны цаанаас бараг л мэнд мэдэх төдийгээр бидний яриа өндөрлөлөө.

Ерөнхий сайд өнгөрсөн жилийн зургадугаар сарын 01-нд тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахдаа хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж өгөхөөр амласныхаа дагуу энэ сарын 8-нд очиж, 496 хуучирч муудсан орыг нь 100 хувь шинэчилсэн. "Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник” болон “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөл, 1987 онд ашиглалтад орсноос хойш иж бүрэн засвар хийгдээгүй тус төвийн барилгын их засвар зэрэг нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн гэсэн мэдээ явсан.  Албан мэдээнээс харвал эх нярайн эрүүл мэндийн салбарт энэ жил 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсний  45 тэрбум нь уг нь эднийд ногдсон бололтой.  Хачирхалтай нь эмнэлгийн удирдлагууд дөлж зугтаад байгааг нь ойлгосонгүй. Сэтгүүлчид бодит байдлаа харуулаад хөрөнгө мөнгөний дутагдалтай гэдгээ илэн далангүй учирламаар юм.

Шинэ ортой боллоо гэсэн шиг өмнө нь хэрэглэж байсныгаа зүгээр л гаргаад хаячихсан харагдсан. Ядаж л орон нутгийн зарим эмнэлэг рүү явуулсан бол гэж бодов.

“Tender.gov.mn”-д ЭХЭМҮТ-өөс 36.7 сая төгрөгний бичиг хэргийн материал, 48.8 сая төгрөгийн улсын мэдээллийн маягтын, тэрбум төг­рөгний хүнсний материалын, 324 сая төгрөгийн нормын хувцасны сонгон шалгаруулалтын зар тавьснаас харвал ямартай ч засварт төсөвлөсөн юм алга. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн мөнгөнөөс илүүтэйгээр сэтгэл дутсан зүйл нэг биш байсныг сэтгүүлчээс зугтах эрхэм дарга нар анхааралдаа авна биз.

Улсын Хүүхдийн Клиникийн төв эмнэлгийг 1987 оны хоёрдугаар сарын 20-ны Сайд нарын Зөвлөлийн 43 дугаар тогтоолоор “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийг Хамгаалах Эрдэм Шинжилгээний Улсын Нэгдсэн Төв” (ЭХЭМХЭШУНТ) нэртэйгээр өргөтгөн зохион байгуулж шинэ байранд оруулсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа нэрээ сольсон ч өнгө төрхөө сайжруулж засвар хийсэнгүй уджээ. Төсөв мөнгө хүндрэлтэй гэдгийг хаа хаанаа мэдэх ч сэтгэл гаргаад ядаж л булан тохойгоо цэвэрлэчихээсэй дээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН