Засгийн газраас Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн өмчид авах шийдвэр гаргасантай холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өнөөдөр тус үйлдвэрт ажиллаж байна.

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Засгийн газрын шийдвэр болон удирдлагын томилгоог танилцуулав.

"Яагаад хувьчлал буруу явагдсан гэж үзэж байна вэ. Үндэслэлийг нь сонсож болох уу"

Хөтөлийн цемент шохой компанийн гүйцэтгэх захирал Д.Чинбат: Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байгаа. Манайх гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, дулааны цахилгаан станц. ДЦС жил бүр гурван тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг ч үүнийг компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцдаг.

Хоёрдугаарт, шохойн үйлдвэрлэл. Жилийн дөрвөн улиралд, 24 цагийн турш Эрдэнэт үйлдвэрийг технологийн шохойгоор хангах үүрэгтэй. Гэвч тус үйлдвэрийг шохойгоор хангах ажил хүндрэлтэй байгаа. Энэ нь Хөгжлийн Банктай холбоотойгоор сүүлийн хоёр сарын хугацаанд данс хааж, үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй болсонтой холбоотой.

Гуравдугаарт, цементийн үйлдвэр. Хоёрдугаар сарын 20-нд одоо маргаан үүсгээд байгаа Хөгжлийн Банкны зээлээр байгуулсан шугам ашиглалтад орсон. Энэ төсөл нь 180 сая ам.долларын өртөгтэй. Үүний 30 хувь буюу 61 сая ам.долларыг Хөгжлийн Банкнаас зээлсэн.

Засгийн газрын шийдвэрийг гайхаж байгаа. Яагаад хувьчлалыг буруу явагдсан гэж үзэж байгаа вэ. Үндэслэлийг нь сонсож болох уу.

Ерөнхийдөө компанийн зүгээс төр хувийн өмчийг дээрэмдэж авч байна гэж дүгнэж байгаа.

Миний хувьд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа менежер. Тийм учраас хувьцаа эзэмшигчийн өмчийг хэн нэгэн хүнд, төрд, байгууллагад дур мэдэх шилжүүлэх эрхгүй. ТУЗ-өөс надад тийм шийдвэр ирээгүй.

"Шүүхээр эцэслэн шийдэгдэх хүртэл удирдлагыг томилж, ажил хүлээлцэхийг хүлээн зөвшөөрөхгүй"

Хөтөлийн цемент шохой компанийн өмгөөлөгч Э.Хашчулуун: Төрийн байгууллага хувийн хэвшлийн хөрөнгө, удирдлагыг булаан авч байна. Ингэхдээ дурдсан хуулийн заалтууд нь үндэслэлгүй байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар өөрсдийн хийсэн 2015 оны худалдах, худалдах авах гэрээг хүчингүйд тооцож байна. Гэтэл энэ гэрээр 2017 онд дүгнэгдээд, 41 тэрбум төгрөгийн өглөг өгөөд дууссан байсан.

ТӨБЗГ дууссан гэрээгээ хүчингүйд тооцож байна.

Энэ үйлдвэрийг худалдаж авсан компанийнх нь хувьцааг хурааж авах ажиллагаа явж байна. Энэ хөрөнгө төрийн өмчийн хороонд анхнаасаа байгаагүй. Компанийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомж хаана байна. Яагаад хувийн хэвшил дээр ийм шийдвэр гаргаж байгаа юм. Яагаад гүйцэтгэх захирлыг томилоод бие биедээ баяр хүргэж, гар бариад зогсож байгаа юм. Монгол Улсын хууль тогтоомжийг яагаад зөрчиж, хэвлэлийн мэдээллийг хувийн өмчил зөвшөөрөлгүй оруулж ирж байгаа юм.   

Төр, хувийн хэвшилтэй байгуулсан гэрээгээ хүндэтгэхгүй байна.

2019 оны арваннэгдүгээр сарын 15-нд Хөтөл компанийн хувьцааг 100 хувь эзэмшигч нас барсан. Үүнтэй холбоотойгоор өв нээгдэх эрх нь нээгдсэн.

Өв нээгдэхээс 22 хоногийн өмнө буюу 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хөгжлийн Банкнаас гомдлын шаардлага гаргуулах тухай албан бичгийг нотариатад хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл өв нээгдэх асуудал шийдэгдэхгүй байна. Үүнээс хойш хууль ёсны өв залгамжлагч өв нээлгэх хүсэлтээ гаргасан боловч Нотариатчидын танхим өнөөдрийг хүртэл нээхгүй байна. Энэ асуудал хуулийн байгууллагаар шийдэгдэх ёстой. Гэтэл ЗГХЭГ-ын дарга өв залгамжлагчгүй болсон гэж зарласан. Бид энэ асуудлаар АТГ-т хандаж шалгуулах болно.

Бид Засгийн газрын шийдвэр болон бусад албан бичгийг өнөөдөр хүлээн авч байна. Энэ дагуу шүүхэд хандана. Шүүхээр эцэслэн шийдэгдсэний дараа энэ өмчийн эзэн хэн байх нь тодорхой болно. Түүнээс өмнө удирдлагыг томилж, ажил хүлээн авна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

"Эзэнгүй өмчөө төр авна"

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл: Энд хууль ёсны өв залгамжлагч байхгүй. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэж байгаа. Өмгөөлөгч та энд ийм зүйл ярих эрхгүй.

Эзэнгүй өмчөө төр авна. Та нарт гомдол гаргаж, шүүхдэх эрх чинь нээлттэй байгаа.