Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр төгрөгийн ханшийг тогтвортой барьж чадаагүй учир Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн огцрох уу, цаашлаад хэд хэдэн сайдыг огцруулах уу гэдгийг сэтгүүлч тодрууллаа.

Үүнд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс 1.5 жилийн дундаж настай олон Засгийн газар үйлдвэрлэсэн. Би бууж өгөхгүй, даваад гарна. Ийм амаргүй цаг үед албан тушаалтан алдаа гаргасан байвал хариуцлага тооцож байгаа. Ажлаа хийж байгаа хүнийг бас Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Төв банк руу шүгэлдээд байгааг сонсоод байгаа. Дараагийн Төв банкны Ерөнхийлөгч болно гээд уулзалт хийж яваа хүмүүс байгаа шүү. Залуус аа, амбицаа татаж яваарай. Хэцүү цаг үед албан тушаалын дон шүглэж далчигнаад хэрэггүй гэж хатуу хэлье. Тийм учраас Төв банкны Ерөнхийлөгч огцрохгүй" гэлээ.

Тэрбээр "Засгийн газар нэгдүгээр сарын сүүлээр Хөгжлийн банкны асуудлыг ил болгож, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Олон нийтэд ил болсноос хойш үр дүн гарч, төлөлт хийгдэж байна. Ямар компанийн ард хэн байсан нь өдрөөс өдөрт ил болсоор байна. Улс төрчид өөрсдөө Хөгжлийн банкны ТУЗ-д ороод эх үүсвэр хөрөнгөө хуваагаад л авчихсан гэсэн үг. Энэ зээлийг түүнд өг гэдэг схем рүү орсон. Шулуухан хэлэхэд "Эрдэнэт"-ийн 49, Оюу толгой Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл энд мөн ажилласан учраас гаргаж тавьсан юм аа. Энэ тийм амар байсангүй. "Эрдэнэт"-ийн 49-ийг босгосон санхүүгийн схем энд бүхэлдээ байгаа. Нэр бүхий шүүгч, хууль хяналтын байгууллагатайгаа хамт байгаа. Нөгөө л яриад байдаг хэдэн хүмүүстэйгээ үе шаттай тэмцээд явж байна гэж ойлгож болно.

Одоо ил болсон мэдээллүүд мөсөн уулын дөнгөж орой гэж ойлгож болно. Цаана нь томоохон улс төрч, бизнесменүүд гарч ирнэ. Сонгуулийнхаа зардлыг төлүүлээд утсан хүүхэлдэй болчихсон улс төрчид гарч ирнэ. Таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөтөлийн үйлдвэрийг хураагаад авахад хэн хэн хамгийн их цочиж байна, тэд үүний ард байгаа гэж ойлгож болно. Эрдэнэт, Оюу толгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэж итгээрэй. Ордон дотор хүчин мөхөствөл би олон нийтэд хандана аа. Цаашлаад "Эрдэнэс Монгол"-той холбоотой асуудлыг гаргаж тавина, нуугаад яах вэ. Тэнд төрөөс гадуур, хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны дараа Эрдэнэс Монголын асуудлыг ил болгохоо хэллээ. Энэ тухай Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэс Монголтой холбоотой маш олон охин компани байгаа. Тэнд тус бүрт нь ТУЗ байгаа. Тэнд төрөөс гадна, хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэж байгаа. Х.Нямбаатар сайдаар ахалсан ажлын хэсэг гарсан. Тавантолгойн нүүрсийг сүүлийн 17-20 жилийн хугацаанд уурхайн аман дээрээс 60 ам.доллараар гаргаж, хилийн цаана 120-180 ам.доллараар зарж, дундаас нь 60-70 ам.доллар завшсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол Улсын ДНБ 2 дахин тэлнэ. 

Тэнд маш их хэмжээний автомашин байгаа. Автомашин дотор манай парламентын нэр бүхий гишүүд холбогдсон, А.Адьяасүрэнгээс эхлээд. Цаанаас нь нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Цаашлаад Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан. Тун удахгүй автомашины том жагсаал болно. Үүнд битгий хөтлөгдөөрэй, зарим үед хатуу байж шинэ 30 жилийн эхлүүлнэ.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд надад ажлаа өгөхдөө “Ерөнхий сайд гэдэг яс янгидаг ажил шүү” гэж хэлсэн. Цаг үе ингэж таараад ч байна уу, үнэхээр яс янгинах өдрүүдэд ирэх юм. Гэхдээ би хэзээ ч огцрохоос айхгүй. Харин шударга бустай эвлэрч, улс төрийн үхдэл болохоос айна” гэдгийг хэллээ.