Ховд аймагт цагдаагийн алба хаагч 13 настай охинд буу тулган, гавлаж, мэдүүлэг авсан тухай мэдээлэл гараад буй.

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга болон аймгийн орлогч прокуророор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Дарви суманд ажиллаж байгаа.

Мөн Авлигатай тэмцэх газрын бүс хариуцсан комиссар тус суманд ажиллаж байна.

Надад байгаа мэдээллээр, ажлын хэсгийнхэн тухайн охины ар гэрийнхэнтэй уулзсан. Мөн тухайн охиныг 24 цагийн турш өрөөнд байлгасан асуудал байхгүй гэх мэдээлэл бидэнд ирж байна.

Тодруулбал, Ховд аймгийн Цагдаагийн газраас утсаар “Охиныг хэсгийн төлөөлөгчийн байранд 24 цаг байлгаагүй. Тэнд дүү нартайгаа хамт байсан. Харанхуй өрөөнд хориогүй” гэсэн мэдээлэл өгсөн. Гэхдээ энэ бол зөвхөн тухайн аймгаас л хэлж байгаа мэдээлэл.

Яг газар дээр нь ажлын хэсэг ажиллаж байгаа учраас нэгдсэн мэдээлэл тэд өгөх байх. Мөн ЦЕГ-аас энэ асуудалд анхаарал тавьж ажиллаж буйг хэлье. 

Энэ асуудалд ямар нэг байдлаар цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа байвал зохих журмын дагуу хариуцлага тооцно.

Бид болсон үйл явдлыг хаацайлж, нуух оролдлого хийхгүй. Ажлын хэсгийн бодит дүгнэлтээр алба хаагчийн буруутай нь тогтоогдвол Цагдаагийн албан тухай хууль болон гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага тооцно" гэлээ.