Санхүүгийн зах зээл өргөжин тэлж бүтээгдэхүүн, үйлчилгээ боловсронгуй болохын хэрээр түүнийг дагаад санхүүгийн залилан, луйврын схем, олон шатлалт санхүүгийн пирамид зэрэг механизм хувьсан өөрчлөгдөж ялган таних, тогтоон илрүүлэхэд хүндрэлтэй болж байна.

Гэвч эдгээр залилангийн схемийн нийтлэг шинж нь богино хугацаанд эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийж өндөр ашиг хүртэх амлалт өгөх, гишүүнчлэлийн хэлбэрээр дороо хүн элсүүлснээр урамшлуулал авч санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх зэрэг боломжийг олгодог. Санхүүгийн залилан, луйврын цар хүрээ өргөжин тэлэх тусам хохирогчдын тоо нэмэгдэж зөвхөн анхны цөөн тооны хөрөнгө оруулагчид буюу санаачлагчид ашиг орлогыг хүртдэг тул үүнээс урьдчилан сэргийлэх, богино хугацаанд илрүүлэх, таслан зогсоох тогтолцоог бүрдүүлэх нь улс орнуудын хувьд чухал асуудал болоод байна.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэвшилтэт технологийн үр нөлөө уламжлалт санхүүгийн салбарт шинэчлэлтийг эхлүүлж, блокчэйн технологид суурилсан виртуал хөрөнгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болсон нь манай оронд мөн адил өргөн дэлгэрч койн/токеныг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглаж иргэд, олон нийтээс санхүүгийн эх үүсвэрийг богино хугацаанд татах болсон. Ялангуяа орон нутгийн иргэдийн мэдээ, мэдээллээс алслагдсан байдал, санхүүгийн хүртээмж, санхүүгийн мэдлэгийн түвшин хангалтгүй байдал зэрэг хүчин зүйлсийг ашиглан тэднийг татан оролцуулж, залилах тохиолдол нэмэгдсээр байна. Тухайлбал, олон улсад пирамид загвартай үйл ажиллагаа явуулдаг буюу өөрийн цахим хуудсаар дамжуулан виртуал хөрөнгийн хэтэвч нээсэн хүнд түүний оруулсан анхны хөрөнгө оруулалтаас тодорхой хувийг буцаан хэтэвчинд койн/токен хэлбэрээр байршуулж өгдөг, дороо гишүүн элсүүлэх бүртээ урамшуулал олгодог, цахим хуудсан дахь мэдээлэл нь олон хэлэнд хөрвүүлэгдсэн залилангийн шинж чанартай механизмууд гарч ирэх болсон. Эдгээр этгээд нь Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ноос үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан мэтээр иргэдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх замаар гишүүнчлэлээ нэмэгдүүлдэг байна. 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу бүртгэлийн үйл ажиллагаа энэ оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс эхлэх бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан үйл ажиллагааг эрхэлж буй, бүртгэлийн шаардлага хангасан, Монгол Улсад бүртгэлтэй компани виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болох боломжтой юм.

Монгол Улсад бий болсон нэг жишээг дурдвал Platin Coin /PLC/ нэр бүхий койноор дамжуулан СЗХ-ноос албан ёсны зөвшөөрөл авсан гэж иргэдийг итгүүлж санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлсэн, хүн элсүүлэх тутам урамшуулал олгож, хамгийн олон гишүүн элсүүлсэн хүн нь шатлал ахих зарчмаар явдаг схем юм. Тус Platin Coin-ийн цахим хуудас нь 18 орны хэлээр орчуулагдсан бөгөөд 2016 онд домэйн /www.platincoin.com/ нь бүртгэгдсэн байна. Үүний дараагаар домэйныг www.plcultima.com болгон шинэчилж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 9 орны хэлээр орчуулсны нэг нь Монгол хэл юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Алекс Рейнхардт нь өмнө нь SwissCoin буюу Platin Coin гарч ирсний дараахан дампуурсан понзи схемийн томоохон гишүүдийн нэг байсан гэж үздэг. Энэ схемийн талаар бусад улс орны санхүүгийн зохицуулагч байгууллагуудын зүгээс анхааруулга, мэдэгдлүүдийг удаа дараа гаргаж байжээ. 

Platin Coin нь Дубай, Швейцарь, Хонконг, Словени зэрэг дэлхий даяар тархсан олон тооны халхавч компаниудаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг гэж хэрэглэгчид үздэг байна. Platin Coin, PLC Ultima-гийн талаар олон улсын байгууллагууд, гадаад улс орны санхүүгийн зохицуулагч байгууллагаас эрсдэл өндөртэй шинж чанар болон түүнд хөрөнгө оруулалт хийхгүй байх, залилан мэхлэх схем байж болзошгүй тул компанийн талаарх мэдээллийг нягталж, эцсийн өмчлөгчийг тогтоох, аливаа тусгай зөвшөөрөл, бүртгэл эзэмшдэггүй тул тухайн байгууллагын хяналт, зохицуулалтад хамаардаггүй талаарх анхааруулга, сэрэмжлүүлэг, мэдэгдлүүдийг гаргасан байна. Үүнээс гадна бусад шинжээч, судлаачид, виртуал хөрөнгө сонирхогчид, хувь хүмүүс ч энэ талаар олон судалгаа хийж олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. 

Иймд, иргэд Та бүхэн аливаа үйл ажиллагаанд оролцохдоо хүлээж болзошгүй хохирлыг бие даан хариуцахыг ухамсарлаж, холбогдох судалгаа шинжилгээ хийж, мэдээлэл цуглуулсны үндсэн дээр санхүүгийн шийдвэр гаргаж, өөрийгөө болон бусдыг залилан луйвар, санхүүгийн пирамид, эдийн засгийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлнэ үү. Platin Coin, PLC Ultima-той холбоотой анхааруулга, сэрэмжлүүлэг, холбогдох бусад мэдээлэлтэй Та бүхэн доорх хаягаар орж танилцах боломжтой.

  1. https://www.financemagnates.com/cryptocurrency/regulation/germanys-bafin-warns-against-platincoin-crypto-firm/
  2. https://bitcoinexchangeguide.com/germanys-financial-authority-warns-crypto-asset-investors-against-platincoin/
  3. https://behindmlm.com/companies/swisscoin-added-to-finma-warning-list/
  4. https://ico-class-action.org/class-actions/platincoin
  5. https://behindmlm.com/mlm-reviews/platincoin-review-top-swisscoin-investor-launches-own-crypto-scam/
  6. https://myopinion.wwpa.com/post/alex-reinhardt-platincoin-scam
  7. https://behindmlm.com/mlm-reviews/platincoin-review-top-swisscoin-investor-launches-own-crypto-scam/
  8. https://ico-class-action.org/class-actions/platincoin
  9. https://lemonpress.mn/news/piramide_MGL/