Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Тухайлбал, Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт Зэвсэгт хүчний Жанжин штабаас хүч нэмэгдүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргасан гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ.

Мөн Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Засгийн газрйн өнөөдрийн хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг танилцуулсан байна. 2021 оны эцсийн байдлаар багц I 95 хувийн гүйцэтгэлтэй, багц II 20 хувь, багц III 98 хувь, багц IV найман хувь, багц V ажил 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Дарханы замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт Зэвсэгт хүчний жанжин штабыг хүч нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Мөн Дарханы замын бүтээн байгуулалт ашиглалтад орох хүртэл хугацаанд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ ажлын хэсгийг ахлахаар боллоо.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газраас хоёр шийдвэр гаргалаа. Гурил үйлдвэрлэгч болон мах нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 230 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгохоор боллоо. Ингэснээр иргэдэд ирэх мах болон гурилын үнийн дарамтыг бууруулах юм.

Мөн төв, суурин газрын иргэдэд зориулан энэ жил 12.7 тонн нөөцийн мах бэлдсэн. Үүнээс 30 хувь нь үхрийн мах, 70 хувь нь хонь, ямааны мах байгаа. Хонины махыг 8300 төгрөгөөр борлуулж байна. Засгийн газраас нөөцийн маханд 350 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Мах борлуулагч аж ахуйн нэгжүүд ирэх амралтын өдрүүдэд гулуузаар нь гаргаж худалдаална. Энэ үеэр нэг килограмм нь 7750 төгрөг болж хямдарна" гэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Манай яамнаас боловсруулсан хэд хэдэн хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хамгийн эхнийх нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл. Төр заавал хувьцаа эзэмшилгүйгээр зарим төрийн компани дотор өөрийн төлөөллийн эрхээ шилжүүлэх зохицуулалтыг тусгаж өгсөн. Цаашид төрийн өмчит компанийг ашгийн болон ашгийн төлөө бус хэмээн ангилна. Энэ удаад зөвхөн ашгийн төлөө төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн хууль эрх зүйг зохицуулахаар тусгасан.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Саяхан залуучуудын жагсаалаар авлига албан тушаалд оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлагуудыг тавьсан. Энэ дагуу Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт байгаа зүйл ангийн нэг хэсэг нь авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгах. Тухайлбал хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байгаа. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт ял наймаалцах буюу хэрэг хялбаршуулан шийдэх зүйл ангийг хассан. авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүний нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилээр хасахаар тусгажээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн тухайд 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт торгуулийн ял оногдуулахгүйгээр хорих ял оногдуулахаар хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн.

Цаашид өршөөл үзүүлэхээргүй байх заалтуудыг мөн тусгаж өгсөн.