"4-11" хэвлэлийн хурал боллоо. Уг хэвлэлийн хуралд АН-ын гишүүн Б.Гарамгайбаатар, хуульч О.Баасанхүү нар оролцсон юм.

Энэ үеэр Б.Гарамгайбаатар: " Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын төсвийн тодотгол хийлээ. Олон улсын байгууллагууд үүнтэй холбоотойгоор өөрсдийн шугмаар судалсан тайлангаа гаргалаа. Улс төрийн нам сонгуульд мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг. МАН сүүлийн зургаан жилийн хоёр шатны сонгуульд 100 хувь ялалт байгуулан ажиллаж байна. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч мөрийн хөтөлбөр хэрэгжих ёстой. 

Монголын эдийн засаг 7 хувиас нэг хувь болж буурсан гэж ОУВС үзсэн байна. Нэгдүгээрт халамжийг хавтгайруулсан байдлаа болих ёстой. Манай улс дэлхий дахинд халамжийн бодлогоороо ялгарч байна. 

 

Инфляцийг тогтвортой, бага байлгах нь ард иргэдэд тустай бол өндөр байлгах нь засаг төрд хэрэгтэй байдаг болжээ. Алтыг Монголбанканд хэр их хэмжээгээр хуримтлуулж чадна, тэр хэмжээгээр валютын нөөцийг барьж инфляцыг бага байлгаж чаддаг.

 

4-р сарын байдлаар 358,9 кг үнэт металь худалдан авсан байна. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 453 кг-аар буурсан байна. Энэ бол Засгийн газрын маш том бодлогын алдаа байна. Мөн, Ипотекийн зээлд зориулж 700 гаруй тэрбум төгрөг гаргасан байна. Гэтэл эхний 4 сарын байдлаар 25 хувь буюу 2000 хүрэхгүй зээл гаргажээ. Энэ бүхнээс харвал МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт өнөөдрийн нөхцөл байдалд ямар их зөрж байгаа нь тодорхой. Сэтгүүлчид бас анализ хийгээсэй. Засгийн газар эдийн засгийг улам хүнд байдал руу оруулж байгааг ОУВС нотоллоо. АН-ын зарим зөв зүйтэй алхмуудыг бидэнтэй хамтарч хэрэгжүүлээсэй. Эдийн засагт нэмэр болохуйц бодлого манай намын мөрийн хөтөлбөрт ч бий" гэв.

 

Харин хуульч О.Баасанхүү: "Сүүлийн долоо хоногт Улсын дээд шүүх дээр асуудал үүсэх гээд байгаа юм шиг нөхцөл байдал эрчимтэй боллоо. Мэдээж, мөнгөтэй, МАН-тай үгсэн тохирч, зарим нэг сайдуудыг удирдаж явдаг хүнтэй хууль дүрмээр яриад ойлгохгүй байна.

 

Х.Баттулга гэдэг хүн Соёлын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яаманд одоо хүртэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн хэвээрээ. Тэр битгий хэл Хууль зүй, дотоод хэргийн яам тэр байтугай Ерөнхий сайдыг хүртэл тодорхой хэмжээнд хяналтдаа байлгадаг гэж үздэг.

 

Сүүлдээ энэ хүн даварч, Улсын дээд шүүхийг айлган сүрдүүлж, дарамтлах, гүтгэх, гутаах, олон нийтийг үймээн самуунд турхирах, ухуулан сурталчлах үйлдэл нь ил болон далд хэлбэрээ явж байна. Би сүүлийн удаа энэ үйлдлээ зогсоохыг сануулж байна. Өөрсдийгөө хуульч гэж нэрлэсэн хүмүүс УДШ-ийг зөвхөн бүртгэх ёстой гэж дарамт шахалт үзүүлж байгаа. Гэтэл бүртгэхээс гадна хяналт тавьдаг байгууллага юм. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлд "Улсын дээд шүүх дүрмийн үйл ажиллагаа, улс төр нам дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих цор ганц эрх бүхий төрийн байгууллага" гэж заасан байдаг.

Ардчилсан нам арванхоёрдугаар сард тамганы асуудлаа, дөрөвдүгээр сарын 6-нд дүрмийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн. Үндсэний бодлогын хороо болон дотоод сонгуулийн дүрмээ баталчихсан." гэлээ.

 

Н.Отгон