Монголд ганц мөнгө олж байгаа салбар болох уул уурхай сэргэх шинжиндээ орсон. Хайгуулын лицензүүд олноор олгогдож, говиор хайгуул олборлолтын гадны хөрөнгө оруулалттай компаниуд хөдөлгөөнд орж, гадагшаа Монгол шинэ сэргэг удирдлагатай болсон шүү, муу муухайгаа арчиж цэвэрлэж байгаа шүү гэсэн мессэжүүд түгж, ер нь эрдэс баялгийн салбарт эргэлтийн шинж мэдрэгдэж эхэлсэнд цөөнгүй хүн баяртай байгаа.

Тэгсэн ойрноос уул уурхайг зүхсэн, хааж боосон, бүр тоног төхөөрөмж, компанийнх нь хөрөнгөд халдаж тоносон үйл явц говийн аймгуудад газар авч, тэр бүгдийн төлөөлөл болсон малчид нийслэлд ирлээ. Төв талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж, газар нутгаа ухуулахгүй гэж орилов. Тэдний энэ бүх хандлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч, “Эргэж харъя, иргэдээс нь асуудаг болъё, ер нь анхаарах асуудал...” хэмээн хүлцсэн нь буруу байна. Эргэж харах асуудал биш, иргэдээс уул уурхайг асууж шийднэ гэсэн үг бол Монголын эдийн засгийг 17 хувийн өсөлттэй, дэлхийд гайхуулж байх үеийг сөнөөсөн үг юм. Монголыг самрах үед хүчтэй яригддаг, хуульчлагддаг, Монгол төрийн мунхаглалын онцгой шинж тэмдэгт үг билээ. Яг ийм үгэн дээр чинь попууд, улс төрийн карьераа өсгөх гэсэн жижигчүүл, хувийн имижээ бүрдүүлэх гэсэн дунд гарын улстөрчид тоглож, ордон руу орох замаа засдгийг та ч мэднэ, би ч мэднэ, олон хүн мэдэхээр болсон доо, уг нь...

Тэгэхээр ийм байна, Л.Оюун-Эрдэнэ дүү минь, улс орныг удирдахдаа малчдаар заалгах хэмжээнд доошоо битгий ор. Тэднийг тэнэг мангар гэж байгаа юм биш. Малчны хүүхэд би ийм хандлага гаргавал өвөг дээдэс рүүгээ нулимсан хэрэг болно. Зүгээр л цаг үеэ хаа хаанаа мэдэр гэж хатуу бичиж байна. Малчдын мэдээллээс хол, уул усандаа хайртай уламжлал сэтгэхүй дээр увайгүйчүүд тоглож, турхирдаг юм. Энэ бол нууц биш технологи. Бас малчдын талаар үнэнийг энд бичих ёстой. Малчид маань өөрсдийнх нь 50, 55 насны тэтгэврийг юугаар тавьдаг гэж ойлгодог бол. Уул уурхайгаас олсон мөнгө, ашиг, орлогоороо өгдөг наад захын эдийн засгийн эргэлтийг мэдэх үү. Ноосны урамшууллаас эхлээд ноолуурынх нь мөнгийг хүртэл хэдэн чулуу зарж олдог, олсноо малчдад зориулдаг гэдгийг. Цаашилбал малчид үйлчлүүлдэг эмнэлэг, сургууль, цагдаа... гээд бүгдийнх нь цалинг, нийгмийн бүх халамж, үйлчилгээг зөвхөн уул уурхайгаас олдог орлогоосоо олгодгийг малчид маань мэдэх үү. Өнөөдөр хөдөөнийхөн гэрээсээ гарч 40-хөн км давхиад засмал дээр гардаг, өдрийн дотор нийслэл ордог болсныг уул уурхайн баялгаа зарсан хөрөнгөөр бий болгосныг мэдэх үү. Айл өрх ч гэсэн ганц зарж орлого олдог юмаа л өөд нь татдаг биз дээ, яг түүн шиг Монгол Улсад өнөөдөр зарж мөнгө олдог уул уурхай, эрдэс баялгийн салбараа л өөд нь татах хэрэгтэй шүү дээ. Хар үгээр бол хэдэн чулуу зарж, буталж, хилээр зарж байж л монголчууд орлого олж, Африкаас арай дор орчихгүй амьдарцгааж байна.

Ийм энгийн үнэнийг, амархан ойлгогдох логикийг ойлгохгүй, уул уурхайг зүхсэн малчдаар Монгол Улс дүүрээд буй нь сайны цондон ерөөсөө биш. Ийм муу ёрын байдалтай 10 гаруй жилийг үдсэн шүү дээ. Ашиг тус нь юу гэвэл өнөөдөр улс орны эдийн засаг уруугаа явж байгаа байдал. Эсвэл малчид маань энэ улс орон хөдөө аж ахуй, мах сүү, ноос ноолуураас их мөнгө олдог, хэдэн тэрбум долларын ашиг олдог, түүгээрээ өөрсдийнх нь тэтгэвэр, тэтгэмжийг тавьж, эмнэлэг, сургууль гээд нийгмийн бүх үйлчилгээг үзүүлдэг гэж боддог юм уу. Хэрэв тэгж бодсоор яваа бол том эндүүрэл. Монгол хөдөө аж ахуйн орон, түүгээрээ л хүнд бэрхийг давна гэдэг бол өнгөрсөн түүх. Гэхдээ бүр эргэж давтагдах боломжгүй эрин зууны түүх. Тодорхой жишээ авъя. Малчдын том орлого болох ноолуурт жилд дээд тал нь 350 сая доллар л эргэлддэг. Энэ нь ноолуурын үнэ 100 мянгаас дээш байх үед шүү. Тэгвэл Монголын бүх ноолуурыг цуглуулж зараад мөнгөөр нь ганц ширхэг цахилгаан станц барьж хүрэхгүй. Монгол Улс 80 сая малтай. Монголын бүх малыг зах зээлийнх нь дээд үнээр зараад ганц том нефтийн үйлдвэр барьж хүчрэхгүй. Учир нь орчин үед нэг тэрбум доллараар нэг том нефтийн үйлдвэр барьж хүрэхгүй байна. Зах зээлийн өнөөдрийн бодит үнэн ийм л байна, малчин түмэн минь. Уламжлалт мал аж ахуйн бодит үнэ цэнэ өнөөдөр ийм байна. Ийм байгаа болохоор л малчин түмнийхээ төлөө сая саяар, тэрбум тэрбумаар доллар олох уул уурхайн бүтээгдэхүүнээ Олон улсад зарж хөрөнгө чинээтэй болох гэж зүтгэж байна. Баяжиж чадахгүй, байрнаасаа хөдөлсөн төдий 30 жилийн өнгөрсөн замналын нэг том шалтгаан бол сая Л.Оюун-Эрдэнийн хэлдэг “За эргэж харъя, малчдаасаа асууя...” гэсэн царцанги үг. Энэ үг бол хамгийн муухай үг. Өнгөрсөн 30 жилд улс орон удирдсан нөхдүүдийн хөшүүн үедээ хэлдэг, аргацаадаг үг. Сонсохоос дургүй хүрдэг энэ үгийг Оюук дүү, одоо бүү хэл. Яг ийм үгийг хэлсээр өнгөрсөн 30 гаруй жилд Монголд бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт царцаж, уул уурхайн давлагаа зогсож, хөгжил цэцэглэлт өөд тэмүүлсэн хүсэл бүхэн унтарч, ажил хөдөлмөр хийдэг хүнгүй болж, хамгийн аймаар нь цаг хугацаа ихээр алдаж, баларч байна.

Яахав, Л.Оюун-Эрдэнийн “Эргэж харна, малчдаасаа санал авна” гэдэг үг тактикийн шинжтэй байж болно. Гэхдээ ингэж яах юм бэ, одоо бол уул уурхай дээр хором ч алдаж болохгүй. Шууд л малчдад хандаж “Төр засгийн зүгээс таны үр хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, сайн сайхан амьдралын төлөө хэнээс ч асуухгүйгээр уул уурхайг хөдөлгөнө, хөгжүүлнэ. Та бүхэн үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө дуугүй байцгаа” гэж хэл. Ингэж хэлэхдээ нийгмийн өмнө гарч, ил цагаан хэл, зарла, тунхагла. Ард түмэн таныг дэмжинэ. Саалиа хаяад ирсэн говийн хэдэн малчнаа төв талбайгаас хөөж явуул. Ийм л харизмтай байхгүй бол Оюун-Эрдэнэ дүү минь, та малчдаар улс орноо удирдах арга барилыг заалгах гээд байна шүү. Тийм бол таны наана чинь байгаагийн хэрэг юу байна. Нэгэн цагт үймсэн Америк тив индианчуудаас улс орноо удирдахыг асуусан уу. Австрали тив хоньчдоороо удирдахуйн ухаанаа заалгасан уу.

Харин Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монголын хөдөөг хөгжүүлэхэд тусгайлсан бодлого гарга. Монголын малчин түмнийг бусдаас илүү хүндэл. Ахуй соёлыг нь сайжруулахад улсаас анхаар. Өнөөдөр Монголын малчид дэлхийтэй хөл нийлүүлэн алхах бүрэн боломжтой болсон. Бүгд гар утас, интернэттэй, гэрээс нь 30 км-ийн зайд халуун ус, саун, массаж, тэр байтугай хотоос дутуугүй ресторан, орчин үеийн амралт сувиллын газрууд нэгэнт бий болжээ. Энэтхэгт IT-гийн мэргэжлээр мастер хамгаалсан залуу мал хариулж, малын бэлчээр дээрээс англиар дэлхийтэй харьцаад сууж байна. Улаанбаатар, аймгийн төв рүүгээ давхихад засмалаас хол малчин байхгүй болсон. Засмал зам Монголын хөдөөг хэрэн хэсүүчилсэн. Алтай Таван богдод хүртэл засмал зам хүрчихээд байна. Монголын түүхэнд урьд хожид хэзээ ч байгаагүй дэд бүтэц, хөгжлийн загвар оролдлогууд хийгдэж байна. Онцлог нь энэ бүхэн дан ганц уул уурхайгаас олсон орлогоор дам дамандаа хийгдэж байгаа гэдгийг Монголын малчид ойлгох цаг болсон. Ойлгуулах ажил үлдсэн...

Дэлхийгээ дагасан Монголын хөдөө ийм зүгтээ явж байгаа болохоор Л.Оюун-Эрдэнэ дүү минь, орон нутгийн ИТХ-ын өөрөө удирдах ёсыг одоо хийгдэх ҮХНӨ-өөрөө зохист харьцаанд нь оруул. Босоо удирдлагатай байсан цаг үе бүхэндээ тархай бутархай монголчууд, хүн шиг амьдарч, улс шиг харагдаж байсныг сана. Малчдыг араас нь турхираад сууж байдаг бүлэглэл гэгч нь 2016 онтой дууссан гэж ойлгож байгаа. 2020 оны дахин ялалтын чинь дараа бүр оргүй арилсан гэж ойлгож яваа шүү. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд, малынхаа зах дээр өнөөдөр ч хааяа сууж байдаг, малчны хүүхэд энэхүү нийтлэлийг бичиж хүргэлээ шүү...