Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.

Эрүүл мэндийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн П.Анужин: Хорт хавдрыг ихэвчлэн эцсийн шатанд нь илрүүлж байна гэж сайдын мэдээлэлд дурдагдлаа. Энэ шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэхээр явж байгаа иргэдийн мөнгөний урсгал тамтгаа алдлаа. Үүн дээр манай улс ямар бодлого баримталж байна вэ. Хамаатан садан, найз нөхөд, танилаасаа мөнгө цуглуулаад гадагшаа явдаг эмнэлэгт байдлыг яаж зогсоох вэ гэдэг дээр хариулт авъя.

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Орон нутгаас оношлогдож байгаа өвчлөлүүдийн дийлэнх нь хожуу үедээ орсон байдаг. Тийм учраас энэ оны тавдугаар сарын 1-нээс хорт хавдрыг эрт илрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тодорхой үр дүнгүүд гарч байгаа. Ялангуяа ходоодны хорт хавдар эрт үедээ оношлогдож байгаа. Ингэснээр эерэг нөлөө үзүүлж байгаа.

Үүнтэй уялдуулан нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох, нийтийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлд түлхүү анхаарах ажлыг төлөвлөөд байна.

Иргэд жил бүр эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаг болчихвол өвчлөл урт хугацаандаа буурах болно.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн: Хорт хавдрын эмчилгээний зардлын 25 хувийг иргэн өөрөө гаргадаг байсан бол одоо хорт хавдрын тусламж үйлчилгээг 100 хувь ЭМДС-гаас хариуцдаг болсон.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Манай улсад эмчлэгддэггүй 26 онош байдаг. Мөн жил бүр 500 сая төгрөг төсөвлөж, дотоодод эмчлэх боломжгүй учир гадаадад эмчлүүлээд ирсэн хүмүүст нийт зардлынх нь таван хувийг олгодог.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр хоёрдугаарт, нийт хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт орж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.

2021 онд буюу ганцхан жилийн хугацаанд 0-19 насны 115 хүүхэд хавдраар оношлогдож, 55 нь эндсэн. Энэ бүхнээс харахад бид стратеги бодлогоо өөрчлөх шаардлагатай байна. Монголчуудын хамгийн их алдаад байгаа нь эрүүл аж төрөх, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт, архи, тамхинаас болж байна гэдгийг шим тэжээл судлаач нар хэлдэг. Зөв хооллолт, хөдөлгөөнөөр эрүүл байх зүйл рүү эрүүл мэндийн салбар яагаад анхаардаггүй юм бэ. Өвчилсөн хүмүүсээ эмчлэх гэж мөнгө зараад байх боломж бидэнд байхгүй. Тэгвэл нийтийн эрүүл мэндийн сайжруулахад хэрхэн анхаарч байна вэ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Цаашид нийтийн эрүүл мэндийн боловсрол олгох маш чухал асуудал болоод байна. Бид боловсролын салбарынхантай уулзаж, цэцэрлэг, сургуулиас нь эхлүүлэх, боловсролын хөтөлбөрт өөрчлөлт оруулах чиглэлээр төлөвлөж байгаа. Мөн нийтийн эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, биеийн тамирын чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгаа.

Манай улсад өнөөдрийн байдлаар цусны зарим төрлийн хавдрыг эмчлэх боломжгүй байгаа. Мөн тархины гүний хавдар, зүрхний хавхлагын хавдрыг гадагшаа явж эмчлүүлж байна.