АН-ыг сүйдэлж байна даа. Нэгэн цагт дангаараа төр барьж, Монголын улс төрийн хоёр баганын нэг гэгдэж явсан АН арай л удаан дампуурлаа. Энэ намтай холбоотой нөхдүүд яаж ч хэлэлцээд бардаггүй.

Өчигдөр Захиргааны шүүх АН-ын тамганы маргааныг шийдэх гээд барсангүй. Хэргийг хэлэлцэхээс татгалзсан гэсэн тайлбар тарсан. Яг үнэндээ цахим бүртгэл дээр АН даргагүй байна. Гэхдээ цаасан дээр болохоор Эрдэнийн нэр бичээстэй байдаг.

 

Чухамдаа энэ л АН-ын лидер хэмээх улстөрчид нь хэдэн хэсэг салж гүйгээд, жирийн гишүүдийнх нь толгойг эргүүлчихээд байгаа юм. Тэр дундуур тамга булаалдсан экс Ерөнхийлөгч нар хоёр талд нь гарчихсан. Хоёр АН-тай болгосон. Тэгээд удирдлагаар хангадаг. АН-ын гишүүд хэн рүү нь явахаа мэдэхээ больчихсон. Аль нь жинхэлж, аль нь унах вэ гэдэг дээр бараг шүлсээрээ мэргэлэх нь холгүй л хүмүүс явцгааж байна.

 

Сар гаруйн өмнө Баттулга эхэлж хөдөлсөн. Цаг хугацааны хувьд Хөгжлийн банкны хэрэг мандаж, түүний туслах нь шахам байсан залуу баривчлагдахтай зэрэгцээд АН-ын даргын сунгаа зарлагдсан юм. Бараг ганцаараа нэр дэвшив. Батсуурь өөдтэй өрсөлдөгч байж чадсангүй. Ингээд Баттулга АН-ын дарга болчихсон. Тэрбээр Дээд шүүхэд бүртгүүлэх гэж чамгүй зүтгэл гаргасан. Тэгээд чадсангүй. Хүсэлтээ буцааж татчихаад байна. Гэхдээ түүнийг өөр нам байгуулах гэж байгаа гэсэн мэдээлэл тасрахгүй байна. “...Сонгуулийн эрэмбэ буюу улс төрийн намын бүртгэлийн гуравт бичигддэг Ногоон нам, 22-т бичээстэй Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам Баттулгын мэдэлд очсон. Хэрэв ингэж өөр намтай АН-аас салах юм бол Батзандан намтайгаа, бас Уянга, Ганбаатар гэсэн нөхдүүд нийлнэ” гэж яригдаж байна.

 

Гэхдээ саяхан Баттулгын АН-ын генсекийн хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад Элбэгдоржтой уулзах хүсэлтэй байгаа бололтой. Генсек нь “...Тэд эвээ олчихвол болох гээд байна” гэж ярьсан. Өөрөөр хэлбэл, Баттулга урилга илгээсэн байгаа юм. Нөгөөх нь яах юм бүү мэд. Ямартай ч Эрдэнийн АН-ыг бараадаад, бараадах ч гэж хойморт нь гарч суучихаад байгаа дуулддаг. Өнгөрсөн сарын сүүлчээр ротацийн сонгууль хийв. Тэр сонгуульд АН-ын олонд танигдсан дийлэнх улстөрчид оролцож, ҮБХ-нд орсон.

 

Залгаад, “...Энэ сонгууль нь дүрмээ зөрчсөн” гэдэг хэл ам бас гарлаа. Монголд байхгүй Сайханбилэгийг сонгуульд оруулаад сонгочихжээ. Түүнийгээ бахархалтай зарласан. Гэтэл дээр ярьсан дүрмийн зөрчил босож ирээд, , тэр хэл ам нь цааш үргэлжлэх төлөвтэй. Түүнчлэн Эрдэнийн АН-ын ҮБХ-нд унаган гишүүдээс нь гадна өөр намаас ирсэн, улс төрөөр огт явж байгаагүй нийгмийн чиглэлийн ажилтнууд, хууль хяналтын байгууллагын удирдлагад ажиллаж байсан “хачин” нөхдүүд оржээ. Нэг үгээр, “набор” маягийн ҮБХ бүрдлээ. Тэд 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хүчинтэй гэгдсэн Эрдэнэд байгаа тамганд итгээд ингэж яваа юм.

 

Хүссэнээр нь энэ “набор” нам болох болов уу даа, яах бол?!

 

Яадаг ч байсан энэ хүмүүс намаа тамгатай болгохыг хүсэж буй нь мэдээж. Харин дарга удирдлагын тухайд нөгөө л хэдэн ах нар бус залуусаасаа гаргаж ирэх магадлал өндөр болжээ. Тэд баруун, зүүнийг магнайлаад байгаа “экс”-үүдийг бол явуулах хүсэлтэй байх шиг байна. Өөрөөр хэлбэл, “...Залуустаа зай тавих цаг болсон” гэж дийлэнх нь үзэж байна. Энэ талаар АН-д нэвт яриа байна. Тэр ч байтугай дээрээ тулахад далаад оныхон, наяад оныхон халз тулах бололтой юм. Хэд хэдэн кандидат яригдаж буй аж.

 

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин