Монгол Улсын хэмжээнд сүүлийн 20 жилийн хорт хавдрын үзүүлэлтийг харвал, элэгний хорт хавдрын өвчлөл хамгийн өндөр буюу 10,000 хүн тутамд зургаа байгааг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ) мэдээлэв.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2021 оны тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд 19 сая хүн хорт хавдраар өвчилж, 9.9 сая хүн нас барж байгаа бол манай улсад 2021 оны байдлаар 5,981 хүн хорт хавдраар оношлогдож, 4,559 хүн нас баржээ.

Түүнчлэн улаан хоолойн хорт хавдраар шинээр өвчилж буй 10 хүн тутмын ес нь, элэгний хорт хавдраар 10 хүн тутмын найм, умайн хүзүүн хорт хавдраар дунджаар дөрвөн хүн нас барж байгаа харамсалтай үзүүлэлт мөн байна.

Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг байна. Иймд эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдах нь аливаа өвчин эмгэгийг хүндрэхээс өмнө илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.