Зэвсэгт хүчний 123 дугаар ангид гарсан сүрьеэгийн халдварын талаар ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Зэвсэгт хүчний 123 дугаар ангид гарсан сүрьеэгийн анхны тохиолдол энэ оны гуравдугаар сард оношлогдсон. Тухайн хугацаат цэргийн алба хаагч нь цэргийн албанд ирэхээсээ өмнө үеэлтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд үеэл нь уушгины олон давталттай сүрьеэгээр өвдсөн байсан гэдэг нь тархвар зүйн судалгаагаар тогтоогдсон.

Тус эхний тохиолдол нууц үедээ байхдаа цэргийн албанд ирээд, улмаар гуравдугаар сард уушгины сүрьеэ болж идэвхжиж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид анхны тохиолдол болж бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор бид 4, 5, 6 дугаар сард Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаныхантай хамтран гурван удаагийн тандалтын ажиллагаа хийсэн.

Сүүлийн тандалтын ажиллагаагаар буюу долдугаар сарын 3-10-ны хооронд хийсэн тандалтаар нууц үедээ явж байгаа буюу идэвхгүй хэлбэрийн сүрьеэгийн 24 тохиолдол оношлогдсон. Тухайн тохиолдлууд нь дүрс оношилгоо, рентген зураг болон халдвар үүсгэгч илрүүлэх шинжилгээгээр батлагдсан гэсэн үг. Гэхдээ дээрх тохиолдлууд нь сүрьеэгийн идэвхгүй хэлбэр буюу нууц үедээ оношлогдсон халдвар гэдгийг дахин хэлье.

Эрүүл мэндийн сайдын тогтоолоор сүрьеэгийн халдвартай ойрхон, голомтод байсан хүмүүсийг  эмчилгээнд заавал хамруулах ёстой. Энэ нь цаашид уушгины идэвхтэй хэлбэрийн сүрьеэ болохоос сэргийлж авч буй арга хэмжээ. Тиймээс үлдсэн хугацаат цэргийн алба хаагчдыг урьдчилан сэргийлэх тунгаар эмчилгээнд оруулж байгаа.

Бид наймдугаар сарын 15-наас дараагийн шаардлагатай эмчилгээ, оношилгооны бүлгийг ажиллуулна. Үүнээс хойш сүрьеэгийн тархалт харьцангуй хумигдах буюу идэвхгүй байгаа үед нь оношилж, эмчилж байна" гэлээ.

Ташрамд дурдахад, манай улс сүрьеэгийн өндөр тархалттай дэлхийн 30 орны нэгд тооцогддог. Сүрьеэгийн нэг идэвхтэй тохиолдлын цаана 20-25 халдвар бүртгэгддэг байна. Монголд жилд сүрьеэгийн 3,000-4,000 тохиолдол бүртгэгддэг бөгөөд энэ нь халдварт өвчин дотроосоо нас баралт, эрсдэл өндөр байдаг өвчин аж.

ВИДЕО: