Саяхныг хүртэл улс төр, нийгмийн гол сэдэв нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал байлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хоёр асуудал дээр тулгуурлаж хийх байсан.

Нэг нь “давхар дээл”, нөгөөх нь Их Хурлын гишүүдийн тоог нэмэх. Эрх баригчдын захиалга, шахалтаар Засгийн газрын хэдэн ч сайд “давхар дээл”-тэй байж болохыг Үндсэн хуулийн Цэцээс тогтоосон. Ингэснээр эрх баригч намд эрх мэдлийн дахин хуваарилалт хийх боломж олдож, бялуугаа хуваарилаад одоо үндсэндээ дуусч байна. Ийнхүү эрх мэдлийн дахин хуваарилалтаа хийгээд шивхэрсэн учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ч замхрах тийшээ хандаж байна.

Уг нь “Давхар дээл”-ээс гадна УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг Үндсэн хуулийн Цэц давхар хийчихсэн бол болох байв. Гэтэл тэд үүнийг орхигдуулчихлаа. Арга ч үгүй биз. Учир нь нэгдүгээрт, “захиалагч талаас” гишүүдийн тоог нэмэх асуудлыг Цэцэд хэлээгүй. Хоёрдугаарт, гишүүдийн тоог нэмэх нь Үндсэн хуулийн Цэцэд ямар ч унацгүй. Гуравдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудалд гишүүд өөрсдөө их дурамжхан байгаа. Шалтгаан нь гишүүний тоо цөөн байх тусам тэдэнд ашигтай. Цөөн гишүүнтэй байснаар нэг гишүүнд ногдох эрх мэдэл тэр хэрээр өндөр байна гэсэн үг. Харин гишүүдийн тоо нэмэгдчихвэл энэ хүч нь сарниж лобби хийх, тэднийг худалдаж авах боломж энэ хэрээр багасчихна. Үүнийг Үндсэн хуулийн Цэц хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа учраас “арьсаа хуулуулахаас” эмээж орхигдуулсан биз ээ.

Ийнхүү өнөөдөр “Хонь бүрэн, чоно цатгалан” үлдлээ. Тиймээс одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дурсах хүн гарахгүй. Давхар дээлний асуудлыг нийгэмд гаргаж ирэхэд УИХ-ын гишүүдийн тоог нэмж парламентын ардчиллыг төгөлдөржүүлнэ гэж лоозогносон. Тиймдээ ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинэхэн дарга албаа авахдаа “Парламентын ардчиллыг төгөлдөржүүлэхийн төлөө зүтгэнэ” хэмээн чуулганы хуралдаан дээр хэлж байна лээ. Ачир дээрээ Засгийн газрын генсек үүнийг хийх цаг зав, нерв гаргах болов уу даа. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ингээд нэг хэсэгтээ намжиж, улс төр судлаачдын дунд “ҮХНӨ үхлээ” гэсэн яриа гарсан байна.