Гадаад харилцааны яамнаас Монгол, Хятадын хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлж, долоо хоногт гурван удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр БНХАУ-ын талтай тохиролцжээ.

Энэ хүрээнд холбогдох бэлтгэл ажлууд хэрхэн хангагдаж байгаа талаар ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяраас тодрууллаа.

- БНХАУ-ын аль хотууд руу, ямар авиа компани хэзээнээс эхлэн нислэг үйлдэх вэ?

- Монгол, Хятадын хооронд долоо хоногт гурван удаагийн давтамжтайгаар нислэг үйлдэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын Гуанжоу хот руу хоёр, Хөх хот руу нэг удаагийн нислэг үйлдэнэ. 

  • Хоёр давтамжийг БНХАУ-ын Гуанжоу хот руу МИАТ ТӨХК нислэг үйлдэж байгаа.
  • Нэг давтамжийг “Аэромонголиа” ХХК Хөх хот руу нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Үүнтэй холбоотойгоор бага зэрэг зөвшөөрлийн хүндрэлүүд бий.

- Хүндрэлийг тодруулж хэлж өгөхгүй юу?

- Ковид, тусгаарлалтын орчин бүрдүүлэхтэй холбогдуулан хорио цээр хяналтын байгууллагууд шат шатны зөвшөөрлөө өгдөг юм билээ. Хөх хотын нислэгтэй холбоотойгоор Өвөр монголын Засаг захиргаанаас зөвшөөрлөө өгчихсөн. Харин одоо Хөх хотын хорио цээрийн байгууллага зөвшөөрлөө өгөх дутуу байгаа. 

Мөн БНХАУ-ын зарим хот зорчигч хүлээж авч байгаа хэдий ч буцааж гаргахгүй байгаа. Хөх хотын хувьд зорчигч хүлээж авах ч буцааж гаргахгүй гэсэн бодлоготой байгаа учраас  “Аэромонголиа” ХХК өөр чиглэлээр тойрч нисэх талаар ярьж байгаа гэх мэдээлэлтэй байна.

- Дээрх чиглэлүүдэд тийзийн үнэ ойролцоогоор ямар байх вэ?

- Ойролцоогоор гэж хэлэх хэцүү. Яагаад гэвэл долоо хоногийн цөөхөн давтамжтай нислэг юм. Дээрээс нь Хөх хотын чиглэл гэхэд нэг талдаа хоосон нэг талдаа зорчигчтой байгаа.