Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиа төлөөгүй машинууд хөдөлгөөнд оролцсоор байгааг иргэд шүүмжилдэг.

2015 онд торгуулийг цахимаар тооцож эхэлснээс хойш 2022 оны наймдугаар сарын байдлаар нийт 3,424,971 удаагийн зөрчилд 81 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Гэвч үүнээс 2,305,153 удаагийн торгуулийн 47.9 тэрбум төгрөг төлөгдөж, 33 тэрбум төгрөгийн торгууль буюу 41% нь төлөгдөөгүй байна.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар 36 цогц арга хэмжээ хэрэгжүүлж байгаагийн нэг нь Замын хөдөлгөөний ухаалаг систем. Тэгвэл уг системийг нэвтрүүлснээр торгуультай машинуудыг хянах боломж бүрдэж байгааг Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адьяасүрэн хэллээ. 

Инфографик. Баталгаажсан зөрчлийн тоо болон төлөгдсөн зөрчлийн тоо 

Flourish logoA Flourish data visualization

Мөн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажлыг 2023 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөж байгааг Нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг танилцуулсан. Энэхүү хоёр цахимжилтын үр дүнд торгуулийг дараах байдлаар шийдэх юм байна. 

Дүрэм зөрчсөн жолоочид 

  1. Хугацаатай сануулга өгнө
  2. Торгох арга хэмжээ авна
  3. Ачна

Гурав дахь шатны хариуцлага тооцуулсан буюу автомашинаа ачуулсан жолооч машинаа журмын хашаанаас гаргаж авахын тулд өөрийн нэр дээрх бүх торгуулийг төлж, машины үзлэг оношилгоонд орж, тээврийн хэрэгслийн ямар нэгэн зөрчилгүй болсон байх шаардлага тавих нь. 

Зам тээврийн ухаалаг системийг хэрэгжүүлэх хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд 21 цэг дээр байсан хуучин камеруудыг бүрэн шинэчилж байгаа ба камер бүхий цэгийн тоог 44 болгон нэмж байгааг Ч.Батзориг хэллээ. Мөн нийслэлийн авто замын 161 уулзварт камер байршуулахын зэрэгцээ Удирдлага хяналтын системийг төвийн зургаан дүүрэгт нэвтрүүлэх юм байна. 22 тэрбум төгрөгийн өртөг бүхий эдгээр ажлыг хийснээр хүний хүчин зүйлээр хийдэг байсан тээврийн цагдаагийн ажлыг цахимжуулж, төлбөрийн бүхий л хэлбэр мөн цахим болохыг тайлбарлав.