Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулах ажил иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа.

Уг цахилгаан станцыг барьж, байгуулснаар баруун бүс буюу Ховд, Баян-Өлгий, Увс аймгийг эрчим хүчээр хангах юм. Гэвч иргэд УЦС барих нь байгальд сөрөг нөлөөлөлтэй гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан "Улс орны эрх ашиг хамгийн чухал. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал юу, юунаас хамаарч аюулд учирдаг вэ гэдгийг ард түмэн нийтээрээ мэднэ.

Үүн дотор эрчим хүчний хараат байдал нь манай улсын хувьд цар тахал, дайны үед улам ч мэдрэгдэж байгааг бид харж байна. Хараат байдлаас гарах бодлогыг Монголын ард түмэн нэгд нэгэнгүй дэмжиж ажиллах учиртай. Энэ нь эх оронч байгаа үзэл.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг гаднын зээл, тусламжаар баригдах боломж бүрдэж байна гэдэг нь Монгол Улсад олдсон ховорхон боломжийн нэг. Тиймээс Засгийн газрын зүгээс энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө, иргэдтэйгээ ойлголцож, үр дүнтэй болгохын төлөө санаачилгатай ажиллаж байгаа. 

Шаардлагатай тохиолдолд Засгийн газрын төлөөлөл Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд эсрэг байр суурьтай байгаа иргэдтэй уулзаж, удаа дараагийн яриа хэлэлцээрийг хийж, үүнийг заавал ажил хэрэг болгох ёстой. Энэ бол Монгол Улсын эрх ашгийн асуудал" гэв.