-КК паркад байгаа монголчуудын олонх нь гадаад хэлтэй, өндөр боловсролтой иргэд байна-


Зүүн хойд Азийн улс орнуудын иргэдийг хууран мэхэлж, зохион байгуулалттайгаар хил давуулан албадан хөдөлмөр эрхлүүлдэг, цаашлаад бэлгийн мөлжлөг, эд эрхтний наймааны золиос болгодог Мьянмар дахь “КК парк”-д Монгол Улсын таван иргэн байгаа талаар ЦЕГ-аас мэдээлээд байсан билээ. Тэгвэл хохирогчдын тоо нэмэгдэж 15 болсон талаар Гадаад харилцааны яам мэдэгдэж байна.

Монгол иргэдээ аюулгүй татан авчрах тал дээр хэрхэн ажиллаж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Тайланд улсад суугаа Элчин сайдын яамнаас Мьянмар дахь монгол иргэдийн асуудлыг хавсран хариуцдаг. Тэр журмынхаа дагуу ажиллаж байгаа. Одоогоор монгол иргэд тэнд эрх нь ноцтой зөрчигдөөд барьцаалагдчихсан нөхцөл байдал, мэдээлэл байхгүй байгаа. Ажил хийхээр очсон ч цалин мөнгөө авч чадахгүй байна гэсэн мэдээллийг өгч байна. Эх орон руугаа буцъя гэсэн хүсэлт одоогоор гаргаагүй” гэв.

Тагнуулын ерөнхий газраас КК паркаас иргэдээ аюулгүй авчрахаар ажиллаж байна. Хүндрэл бэрхшээл тулгарч байгаа гэж буй. Олон улсад ч ийм нөхцөл байдалтай байгааг хэвлэлүүд бичиж эхэлсэн. КК паркад эрүү шүүлттэй хөдөлмөрийн мөлжлөгөөс гадна бэлгийн мөлжлөг, эд эрхтний наймаа зэрэг онц ноцтой хэргүүд үйлдэгддэг болох нь ил болсон. Эрх нь зөрчигдсөн хохирогчид амь насаа алдсаар байгаа мэдээлэл ч бий. Хамгийн сүүлд Вьетнамын иргэн КК паркаас зугтаж байгаад голд живж нас барсан аж. Мөн Малайз улс Камбожийн Засгийн газрын тусламжтайгаар хамтарсан ажиллагаа явуулж 158 иргэнээ суллаж авсан мэдээлэл байна.

КК парк гэгч нь олон улсад нэгэнт хүнд ноцтой гэмт бүлэглэлтэй бүс нутаг болох нь тодорхой болоод байгаа учраас Монгол Улсын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, эх оронд нь авчрах асуудал ч хөндөгдөх учиртай юм. Тагнуулын ерөнхий газраас ч энэ талаар ажиллаж байгаагаа мэдэгдсээр байгаа.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар КК паркад байгаа 15 монгол иргэдийн найм нь эмэгтэй, долоо нь эрэгтэй гэнэ. Тэдний олонх нь хэл устай, өндөр боловсролтой иргэд байгаа аж. Тэднээс хоёр нь Тайландын Элчин сайдын яамтай холбогдсон мэдээлэл байна. Тэдгээр иргэд цахим сүлжээнээс “Гадаадад өндөр цалинтай ажилд авна, орчуулагч авна, аялуулна” гэсэн зарын дагуу хил давжээ.

КК парк нь Тайланд, Мьянмар улсын дундах нэгэн голын гүүрний ойролцоо байрладаг нь хохирогчдыг хуурч аваачих том эрсдэл болж буй аж. Энэ тухай нэгэн эх сурвалж “Хохирогчдыг Тайландад өндөр цалинтай ажиллуулна, аялуулна гэсэн зараар хуурч аваачиж байна. Хил давсан хүмүүс Тайланд дотроо явж байна гэж боддог ч ганц гүүр гатлаад л Мьянмарын хил рүү нэвтрээд аюултай бүс рүү орж байгаа нь тогтоогдсон. Үүнийгээ хохирогчид мэдэхгүй, хууртаж явсаар аюулд өртөж байна. Манай улсын хувьд иргэдээ аюулгүй гаргах талаар ажилласаар л байгаа. Бүхий л улс орнууд ажиллаж байна. Зарим нь аргаа олохгүй мухардаж ч байгаа” гэж байв.

КК паркаас иргэдээ татан авах асуудалд өөр нэг ноцтой аюул тулгарч байгаа нь хохирогчид эрх чөлөөтэй болохын тулд өөрийнхөө оронд дахин өөр хүмүүс авчрах даалгавар өгдөг аж. Эрх чөлөөтэй болохын тулд тэд өөрийн орноосоо найз нөхөд, таньдаг хүмүүсээ залилж авчирдаг байна. Манайд ч ийм тохиолдол гарсан байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллага удаан хугацаанд ажиллаж хоёр иргэнийг эх оронд нь аюулгүй авчирсан ч дахин 6-7 иргэн аль хэдийнэ КК паркад оччихсон, зарим нь явахаар бэлтгэж байсан гэх мэдээлэл байна. Тиймээс хуулийнхны хувьд энэ нь томоохон бэрхшээл болж байгаа бололтой.

КК паркийн хууль бус үйл ажиллагаа зөвхөн Мьянмараар тогтохгүй Камбожид ч байдаг аж. Олон улсын хэвлэлүүдийн бичиж байгаагаар тус паркийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн төв гэж үзэж байгаа бөгөөд хохирогчдын тоо 8000 хүрсэн гэнэ.

Ийм зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн золиос болох эрсдэл монголчуудын хувьд өндөр байгааг хуулийн байгууллагынхан анхааруулж байгаа. Гадаадад өндөр цалинтай, таатай нөхцөлд ажиллуулах, хямд үнээр аялуулах зарууд, цаашлаад романс үүсгэж гадаад руу ирэх урилга илгээх зэргээр залилах хэлбэрүүд нь өргөжиж байгааг анхааруулж байна.