Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Д.Сарангэрэл нарын хүү Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхийг монголчууд нэлээн сайн “мэддэг” боллоо. Мэддэг гэдэг нь ажил үйлсээрээ аваргалсан гэсэн үг биш. Аль хуудуутай, маапаантай асуудалд Х.Улам-Өрнөхийн нэр дуулддаг болоод нэлээд удаж байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газар бол товчхондоо тендер зохион байгуулдаг газар. Өнөөдөр тендер авна гэдэг тэнгэрийн умдаг атгасантай адил хүнд ажил болсон. УИХ-ын гишүүдээсээ эхлээд салбар салбартаа, тойрогтоо эзэн суучихаад тендерийг хамдаг болсон нь нууц биш. Энэ утгаараа тендер зохион байгуулдаг төв газрын дарга гэдэг бол нэлээд том эрх мэдэлтэн болж таарна. Хэдэн зуун сая, тэрбумаар яригдах том тендер том л нөлөөтэй байж урагшилна. Унац нь ч өндөр байх нь гарцаагүй. Ингэж хэлэхийн учир АТГ-аас Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхийг барилгын компанид тендер авч өгнө хэмээн 125 сая төгрөг авлигад авсан хэргээр шалгаж эхлээд хоёр жил өнгөрч байна. Тодруулбал, орон нутагт баригдах Соёлын төв, нийслэлийн нэгэн дүүрэгт баригдах цэцэрлэгийн барилгын ажлын тендерийг авч өгнө хэмээн өөрийнх нь найз болох Тээврийн цагдаагийн албанд мөрдөн байцаагчаар ажилладаг н.Мөнхзул нэгэн барилгын компаниас тендерийн 10 хувь гэж 125 сая төгрөгийг авсан. Гэвч энэ амлалт нь бүтэлгүйтсэнээс үүдэн маргалдаж, барилгын компанийн удирдлага АТГ-т хандсан гэдэг. Х.Улам-Өрнөхийн авлигын асуудал ингээд дуусаагүй.

Ээж Д.Сарангэрэл нь ЭМЯ-ны сайдаар томилогдоод тун удаагүй Х.Улам-Өрнөхийн жолооч төдийгүй найз Д.Өнөболд нь тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод олны анхаарлыг татаж байв. Энэ томилгоо хоёр найзын тендер ажиллагааг нэлээд цэцэглүүлсэн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Улс нийслэлийн 14 эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх 38.3 тэрбум төгрөгийн тендерийг яаралтайгаар зохион байгуулах шийдвэрийг Д.Өнөболдын хүсэлтээр Х.Улам-Өрнөх нэг өдрийн дотор гаргаж байсан гэдэг.

Хамгийн сүүлд тэрээр Дарханы замын барилгын ажлын багцыг өөр компанид шилжүүлэн, санхүүжилт олгосон хэрэгт нэр холбогдоод байгаа. Дарханы зам бол олон улсын зам гэдгээрээ санхүүжилт нэлээд өндөр тавигдсан бүтээн байгуулалт. Дарханы замтай холбоотой авлига, албан тушаалын хэргүүд ч ар араасаа илэрсээр байгаа. Тэр утгаараа энэ замын санхүүжилттэй холбоотой үйл ажиллагаанууд олны анхааралд өртөх нь зүйн хэрэг. Түүний нэр холбогддог өөр ч асуудлууд бий.

Шадар сайдын шууд харьяаны Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга тендерийн асуудалд холбогдоод зогсохгүй хуулийн байгууллагаар шалгуулж байгаа нь ноцтой асуудал юм.

Нөгөө талаар түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг АТГ-т мэдүүлдэг ХОМ-ээс харж болох юм. Х.Улам-Өрнөх Төрийн худалдан авах ажиллагааны газарт 2016 оноос Хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 онд албан тушаал ахин тус газрын дарга болжээ.

Түүний 2016 оноос хойших ХОМ-ийг харвал хөрөнгө нь жил бүр өссөн дүнтэй харагдана. Тэрээр 2017 онд 230 сая төгрөгийн үнэлгээ бүхий УАЗ 469, Land Cruiser 200 автомашинтай гэж мэдүүлж байв. 2020 онд түүний эзэмшлийн автомашинууд Жийп болон туулах чадвар өндөр автомашин-1, Жийп болон туулах чадвар өндөр УАЗ 469-1, Жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200-1, Суудлын жижиг машин Volkswagen Toureg- 1, Жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200-1, Мотоцикл Yamaha XT 225-1 болж нэмэгджээ. Нийт үнэлгээ нь 667 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Мөн тэрээр хурдан удмын адуунд нэлээд хөрөнгө хаядаг нэгэн аж. 2019 онд 1.1 тэрбумаар үнэлэгдэх 1180 хонь, 240 ямаа, 70 үхэр, 248 адуу, 6 хурдан удмын адуутай байсан бол 2020 онд малынх нь нийт үнэлгээ хоёр дахин нэмэгдсэн нь анхаарал татна. Тодруулбал, хонь 920, Ямаа 180, Үхэр 54, Адуу 184 болж тоо толгой нь хорогдсон ч хурдан удмын адуу нь 28 нэмэгджээ. Жилийн дотор бараг тав дахин өссөн гэсэн үг.

Тэрээр мөн 2019 онд дотоодын банк санхүүгийн байгууллагад 16 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн бол 2020 онд 45.6 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ.

Х.Улам-Өрнөх Монгол 555 ХХК, Гэгээн далай ХХК-д хувь эзэмшдэг юм байна. “Гэгээн далай” ХХК нь ээж Д.Сарангэрэлийнх нь үүсгэн байгуулсан компаниудын нэг юм. Тус компани нь 2002 онд хэвлэл мэдээлэл болон үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд TV5 телевизийн өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл, ТВ5-2 /Теле-худалдаа/ кабелийн сувгийн тусгай зөвшөөрөл, TV5-3 /Цэнгээнт/ кабелийн сувгийн тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшдэг юм байна. “Монгол 555” ХХК нь түүний аав Д.Хүрэлбаатар үүсгэн байгуулсан компани юм.

Угтаа бол татвар төлөгчдийн мөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг хууль ёсны дагуу зохион байгуул гэдэг үүргийг Х.Улам-Өрнөхөд өгсөн байж таараа. Гэвч газрын даргаасаа эхлээд тендерийн маапаанд нэр холбогддог гэхээр...

Б.ЭНХЗАЯА