Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулууны компани "Хөтөлийн Цемент шохойн" үйлдвэрийн зарласан харуул хамгаалалтын тендерт шалгарсан. Энэ нь шударга бус явдал. Ямар учраас С.Мөнхчулууны компани тендер шалгарав гэх асуулт цахим сүлжээнд олны анхаарлыг татаж, хариулаа нэхээд байгаа билээ.

Тэгвэл эл асуултад Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун дараах тайлбарыг хийжээ. Тэрбээр "Нэг мэдээлэл хийхгүй бол болохгүй нь ээ. Миний хамаарал бүхий компани буюу дүүгийн эзэмшлийн ХХК нээлттэй тендер шалгаруулалтанд оролцож хуулийн дагуу шалгарсан байна. Гэтэл энэ нь Лодой дүүд барьж авах шалтаг болж надтай холбож бичсэн юм байна.

Энэ компани нь 2000 оноос үйл ажиллагаа явуулж байгаа ХХК. Бусдын л адил олон тендерт орж унахдаа унаж, ажил авахдаа авч явдаг. Миний зүгээс үйл ажиллагаанд нь оролцдоггүй, уг тендерийн талаар мэдээлэл огт байхгүй. Сая тендерийн сайтруу орж харахад 2 ХХК тухайн тендерт ороод дүүгийн ХХК хямд үнэтэйгээр шалгарсан байна. Хардаж байвал АТГ -т хандаж шалгуулах нь нээлттэй байгаа. Мөн өрсөлдөгч компани нь тендер шалгаруулалт хууль бус болсон гэж үзвэл Сангийн Яаманд гомдол гаргах эрхтэй байдаг. Хэрэв аль нэг компани тендерийн бичиг баримт нь хэн нэгэнд давуу байдал олгож, өрсөлдөөнийг хязгаарласан байна гэх мэтээр ШӨХТГ-т гомдол гаргаад түүнийг нь бид шалгаагүй бол намайг хардаж болохсон. Гэтэл хуулийн дагуу нээлттэй тендер шалгаруулалт яваад дүүгийн компани шалгарсныг надтай холбох нь утгагүй асуудал. Би төрийн ажил эрхэллээ гээд манай гэр бүл, ах дүү, найз нөхөд ажил хийхгүй амьдрах боломжгүй биз дээ. Ер нь манай зарим сэтгүүлчид юмны цаад наадахыг мэдэхгүй байж таамгаараа ихэд үнэмшилтэй шуугиан тарих юм. Би саяхан түгжрэлийг бууруулах зорилгоор ажлынхаа ойр нүүж очлоо гэх пост оруулахад "Мөнхчулуун шинэ ажилд очоод шууд байраа сольжээ, аархаж байна" гэх мэтээр мэдээ хүртэл оруулсан байсан. Гэтэл үнэндээ бол түгжрэлд хайран цаг үрэх дэмий байна гэж эхнэртэйгээ ярилцаад өөрсдийн байраа түрээслүүлчхээд, ажлын хажууд буюу хүнсний нэгийн урд талын хуучны 3 давхар байранд Хадам ээж дээрээ нүүгээд ирсэн юм. 24 жилийн өмнө анх эхнэртэйгээ нийлж байхдаа л 2 гэрээрээ хонож өнжиж явлаа. Гэтэл одоо 24 жилийн дараа дахин хадам ээжийндээ ирж, зардал хэмнэнгээ, түрээсийн нэмэлт орлоготой ухаалаг амьдарч байна. Тэгэхээр манайхан юмны наад цаадахыг мэдэхгүй байж, өөрсдийн хардлагыг бодит мэтээр түгээж нийгмийг бухимдуулдгаа болимоор байна. Ялангуяа олон дагагчтай сэтгүүлчид. Хардах сэрдэх зүйл байвал цаад учрыг нь сайтар нягтлаад, бодит мэдээллийг иргэдэд хүргэж байхыг хүсье. Эцэст нь хэлэхэд би дүүдээ 5000₮ аваад өгөхгүй байж, яаж амьдрах, юу хийхийг нь заах эрхгүй, би төрд ажиллаж байна чи тийм ажил хийж болохгүй гэж хэлж болохгүй биз дээ. Монгол улсын иргэн бүр хуулийн хүрээнд ажиллаж, хөдөлмөрлөх, шударгаар бизнес эрхлэх эрхтэй шүү дээ" гэжээ.