Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаар Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж мэдээлэл өглөө.

 Ирэх онд төрийн алба хаагчдад олгох цалин, урамшууллын хувьд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

  1. Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгоно. 
  2. Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгож өөрчилнө. Одоогоор 5-10, 10-15 гэсэн жилээр энэхүү нэмэгдлээ авдаг байна. 
  3. Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх асуудал орж ирж байгаа аж. Орон нутгийн суурь зардал дээр нь 20 хувиар тооцож олгох юм. Засгийн газрын тогтоолоор 100 хувиар олгох боломжийг гаргаж ирнэ гэсэн тооцоотой байна.
  4. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8 хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаа. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдана. Энэхүү арга хэмжээ нь 160 мянга орчим төрийн албан хаагчдад хамаарах аж. 

Харин "Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 37 байгууллага улсын хэмжээнд байна. Ерөнхий газар дээр байгаа хүүхэд хамгааллын зардлыг бууруулсан. Харин аймаг болон дүүрэгт ажиллаж буй хүүхэд хамгааллын байгууллагуудад энэ мөнгийг суулгаж өгсөн" гэдгийг М.Санжаадорж дарга УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2023 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр хэлэв.