Хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн ослын мөрдөн шалгах ажиллагааны талаар ТЦА-наас мэдээлэл өгсөн юм.

Осол хэргийг мөрдөн шалгах ажиллагааны процессын тухайд "Мөрдөн шалгах ажиллагааны явцад хамгийн эхний үе шат хойшлуулшгүй ажиллагаа явагдаж байгаа. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гомдол мэдүүлгийг 19 хоног шалгадаг. Үүний дараа хэрэг бүртгэлтийн хэрэг нээх процессын ажиллагаа явагддаг бөгөөд хуульд заасан хугацаа 30 хоног. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол гарсны дараах процесс 14 хоногийн хугацаатай явагддаг.

Өөрөөр хэлбэл уг осол дээр хуульд заасны хугацааны дагуу бүх ажиллагаа хэвийн хийгдэж байна. Осол гаргасан иргэн мэдүүлэг, мэдээллээ өгөөд явж байгаа. Хохиролтой холбоотой баримтуудыг бидэнд гаргаж өгч байна. Хуульд заасны дагуу шалгуулна.

Тээврийн хэрэгслийг М жолоодохоос өмнө Б тээврийн хэрэгслийг анх хөдөлгөсөн. Тиймээс тухайн иргэнд хариуцлага тооцохоор ажиллаж байна. Иргэн Б нь хариуцлагаас мултрахгүй хэмээн Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга хошууч В.Хосбаяр хэллээ.

Осолд өртсөн 12 настай С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан буюу зүүн өвдөг шарх, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, гэмтэл тогтоогдсон бол Э-ийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, нэмэлтээр шинжээч томилон ажиллаж байна хэмээн өчигдөр нийтэд мэдээлсэн юм.