УИХ-ын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байгаа бөгөөд гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм. 

"Иргэн гарч ирээд шүгэл үлээхээр 100,000-1.5 тэрбум авах нь мөдгүй. Ядаж үнэн үг хэлснийх нь төлөө зовоохгүй байгаасай"

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Энэ бол Монголын нийгэмд маш хэрэгтэй байгаа хууль. Зориг гаргаж оруулж ирж байгаа нь сайшаалтай. Өнөөдөр хүмүүс үнэнийг хэлэхээс айдаг болсон. Намайг, эхнэр хүүхдийг минь яах бол, бизнесийг минь яах бол гэж айдаг болсон. Бүгд хар амиа хичээдэг болсон. Монголын нийгэмд хэн нэгнийг матах агуулгаар биш, нийгэм тогтолцоо болохгүй байгааг, улстөрч нь нийлээд идэж уугаад байна гэдгийг яагаад хэлж болохгүй юм. Нийгэмд болохгүй байгаа олон чухал асуудлаар монголчууд хэнээс ч айхгүйгээр дугардаг болох хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлээд асуулт асуув. 

“Төрийн, албаны, байгууллагын нууц гэж заваарсан хууль гаргасан. Би 2020 онд гишүүн болж орж ирээд Монголбанкны байшин хэдээр боссоныг асуухад нууц гэсэн. Х.Нямбаатар сайд сууж байна. ХЗДХЯ-ны байшин хэдээр боссоныг асуухад бас нууц. Татвараас компанийн мэдээлэл авсан ч нууц. Нийгэмд шүгэл байтугай УИХ дээр юм ярих боломжгүй болсон.  

Үүнийг өөрчлөхгүй болохоор хулгайн тендер зарлаад мөнгө идсэнийг нь нууцад хамааруулчихсан байгаа. Ийм юм түм бум байна. 

Монголын хууль шударга бус үйлчилдэг. Иргэн гарч ирээд шүгэл үлээхээр 100,000-1.5 тэрбум авах нь мөдгүй. Ядаж үнэн үг хэлснийх нь төлөө зовоохгүй байгаасай” гэв.

"Албаны нууц, төрийн нууцад хамруулаад хурдан гэрээ байгуулж, худалдан авалт, хөрөнгө оруулалтын ажлыг тухайн жилд нь багтаан явуулах зовлонгоос үүдэлтэй. Сүүлдээ төмөр зам барьсан ч төрийн болон албаны нууц болсон"

Түүний байр суурь, асуултын хариуд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийллээ.   

“Шүүхээр урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэнэ. 

Шүгэл үлээгчийг яаж хамгаалалтад авах вэ гэдэг асуудал яригдана. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар энэ асуудал зохицуулагдана. Улс дотроо нүүлгэн шилжүүлж болно. Шаардлагатай гэж үзвэл гадаад улс орон руу шүгэл үлээгчийг нүүлгэн шилжүүлэх замаар амь нас, аюулгүй байдал гэр бүлийнхнийг нь хамгаалалтад авах эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байгаа. 

Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг гарсныг хэлсэн. Түүнчлэн “Төрийн албан тушаалтан авлигажсан асуудал, Нийтийн албан тушаалд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хуулийг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа, төрийн нууцтай танилцах явцад илэрсэн тохиолдолд түүнийгээ мэдээлсэн нь төрийн нууц задруулсанд тооцогдохгүй” гэж Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар давхар хамгаалалт тогтоож өгч байгаа. 

Төрийн болон албаны нууцын тухай хуулийг бид ойрмогхон оруулж ирж тодорхой болгоё.

Бүх зүйлийг төрийн нууцад хамааруулдаг, жишээ нь яамны нэг байшин барихыг төрийн нууцад оруулаад байх ямар ч шаардлагагүй. Гол нь худалдан авах тухай хуулиасаа тойрч хурдан хугацаанд барих, тендер сонгон шалгаруулалтаас болж дахин дахин шүүхдэж, хөрөнгө оруулалтын ажил удаж гацдагаас шалтгаалж л ийм нэг жишиг тогтоод явчихсан. Тийм учраас цаашид Худалдан авах ажиллагааны тухай хуулиа ч гэсэн хамт оруулж ирээд сонгон шалгаруулах хугацааг богиносгох, гомдол маргааныг шийдэх, хугацааг богиносгох олон шалтгаан байгаа. Зовлонгийн шалтгаан нь юун дээр байна гэхээр албаны нууц, төрийн нууцад хамруулаад хурдан гэрээ байгуулж, худалдан авалт, хөрөнгө оруулалтын ажлыг тухайн жилд нь багтаан явуулах зовлонгоос үүдэлтэй. Сүүлдээ төмөр зам барьсан ч төрийн болон албаны нууц болоод шороон далан босгосон ч төрийн болон албаны нууц болоод явсан гажуудал байгаа. Үүнийг засаж залруулна. 

Шүгэл үлээгчийн эрх зүйн орчныг хуульчилж өгснөөр олон нийт Нийтийн мэдээллийн тухай хуулиар нийтэд ил тод болох мэдээлэлтэй бүгд танилцаж байгаа. Одоо албан тушаалтнууд хэрэгжүүлэхгүй байгаа. Тавдугаар сарын 1-нээс албан тушаалтнууд газар, ашигт малтмал гээд бүхий л асуудлыг нийтэд ил тод болгох үүргээ хүлээх ёстой” гэдгийг хэллээ.