Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлгийг Монголбанкнаас өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин цаашид төгрөгийн ханшийн уян хатан байдлыг хадгалахаас өөр аргагүй болохыг онцлов. Өөрөөр хэлбэл, ам.долларын эсрэг төгрөгийн ханш зах зээлийн зарчмаараа тогтоод явах бодлогыг Монголбанк дэмжинэ гэдгийг илэрхийллээ. 

Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

  • Ирэх жилд эдийн засгийн төлөв тааруу, эрсдэл сөрөг талдаа илүү давамгайлж байна. 
  • Ам.доллар бусад голлох валютуудын эсрэг 16% чангарсан. Энэ нь Холбооны нөөцийн банкны бодлоготой холбоотой. Холбооны нөөцийн банкны бодлогын хүү он гарснаас хойш 3% өсөж, 3.25%-тай байгаа. Оны эцэст 4.5 хувьд хүрнэ гэсэн хүлээлт байна. 
  • Монгол Улсын хувьд геополитикийн эрсдэл өндөр байна. 2008 оноос хойш нөөцийн суурь валютуудын хүү доогуур, 1-ээс доош хувьтай байж ирсэн. 2010 оноос хойш Монгол Улс эдийн засгийн идэвхжилээ дандаа зээлээр санхүүжүүлж ирсэн. Энэ нь цаашид бид энэ хэлбэрээрээ эдийн засгаа санхүүжүүлж, хөгжүүлэх боломжгүй болж байгааг анхааруулж байна. 
  • Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагатай. Одоохондоо Оюутолгойгоос өөр зүйл байхгүй. Дараагийн Оюутолгойг илрүүлэх, нөхөх хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх шаардлагатай. 
  • Ирэх жил хүлээгдэж байгаа томоохон өр төлбөрийг хэрхэн санхүүжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хөгжлийн Банкны бонд, хувийн секторын өр төлбөр гээд 2023 он бол хамгийн өндөр дарамттай жил. Энэ жилийг давж гарах нь том сорилт авчирч байгаа. Үүнд бэлдэхийн тулд Монголбанк нөөцөө хүрэлцээтэй түвшинд хадгалах зайлшгүй шаардлагатай. 
  • Нэг талдаа валютын ханш, инфляц гээд хүндрэлүүд байгаа ч дунд, урт хугацаанд Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэхэд шаардлагатай валютын нөөц боломжийг хадгалж үлдэх шаардлагатай. 
  • Төгрөгийг ханшийн уян хатан байдлыг хадгалахаас өөр аргагүй. Гол валютуудын эсрэг доллар 16% чангараад байгаа бол төгрөгийн эсрэг 18.5% чангарсан байгаа. 
  • Хэрэв нөхцөл байдал цааш үргэлжлээд, Холбооны нөөцийн банк хатуу мөнгөний бодлогоо үргэлжлүүлбэл бид төгрөгийн ханшийг үргэлжлүүлэн сулруулахаас өөр арга байхгүй. Үүний эсрэг бид тэмцээд ч ямар ч үр дүнгүй арга хэмжээ болно. 
  • Нэгэнт бид хязгаарлагдмал боломжтой улс тул бодлогуудаа эрэмбэлэх шаардлагатай. Валютын нөөцдөө нийцтэйгээр хэрэгжүүлэх бодлогоо эрэмбэлэхгүй бол бидний хөгжлийн төлөвлөгөө валютын нөөцтэйгөө уялдаагүй яваад байна. Том хүслийн жагсаалт баталчихдаг, нөгөө талдаа хэрэгжүүлэх ямар ч бололцоо байхгүй. Улмаар бид нөөц боломжоо тарамдуулаад байгаа дээр зайлшгүй арга хэмжээ авах шаардлага байна. 
  • Мөн халамжид анхаарахгүй бол манай улсын нийт хүн амын 75% ямар нэгэн халамж авдаг бол 34-35 хувь нь 3-аас дээш төрлийн халамж авч байна. Иймд халамжийг танахгүй, төсвийн зардлаа өсгөөд байвал нөөц, валютын ханш, инфляцын зорилтыг хангахад маш төвөгтэй нөхцөл байдал үүснэ.