Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа. 

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан "Энэ амралтын өдрөөр буюу бүтэн сайн өдөр гэхэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг нээнэ. Одоогоор 500 орчим метр замын хучилтыг хийж, тэмдэг тэмдэглэлийг хийснээр Улаанбаатараас Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг албан ёсоор нээхээр болж байна" гэв. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК дээр онцгой дэглэм тогтоох шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргажээ. 

Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолоор Монгол Улсын төлбөрийн тэнцлийг хангахтай холбоотойгоор валютын нөөцийг бүрдүүлэх үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг оны төгсгөл гэхэд 500 сая ам.доллар татан төвлөрүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн байдаг. "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам.доллар, уул уурхайн бусад компанид борлуулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүлж оруулж ирэх үүрэг өгсөн. 

Үүнтэй холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" компани дээр Засгийн газрын тогтоол гарлаа" гэв.

Тогтоолоор Эрдэнэс Тавантолгой ХК дээр зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоохоор болсон байна. Энэ хугацаанд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилжээ.

Онцгой дэглэмийн хугацаанд:

  • Компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх,
  • Технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, ослоос сэргийлэх дүрэм журмыг нарийвчлан тогтоож, зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэх,
  • Тавантолгойн нүүрсний ордоос нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх бүхий л шатанд шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад үүрэг болгосон байна.