УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар горимын санал гаргалаа.

Тэрбээр "Гишүүдийн ширээн дээр Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нөхцөл байдлын талаар Үндэсний зөвлөлийг тэргүүлж байгаа хүний хувьд энэ танилцуулгыг бэлдсэн. Өнгөрсөн наймдугаар сард Малайз улсад Монгол Улсын Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны тайланг танилцуулсан. Энэ үеэр ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийг 39-ийг амжилттай хэрэгжүүлсэн гэсэн үнэлгээг авсан. Манай улс 2020 онд Саарал жагсаалтаас гарсан ч одоо ӨРГӨТГӨСӨН хяналтад байгаа. Хэрэв энэ хяналтаас гарч ердийн улсын жагсаалтад оръё гэж байгаа бол ирэх оны нэгдүгээр сарын 31-ээс өмнө зэрэглэл ахиулах хүсэлт ФАТФ-д тавих ёстой. 40 зөвлөмжөө бүгдийг нь хэрэгжүүлж байж ердийн ангилалд орно. Ийм учраас баасан гарагт Холбоо сангийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийнхээ эрх зүйн зохицуулалт тогтолцоог бий болгож үлдсэн нэг зөвлөмжийг хэрэгжүүлсний дараа зэрэглэл ахиж ЕРДИЙН УЛСЫН жагсаалтад орно.

 

Хоёрдугаарт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Монгол Улс хүний эрхийн зөрчилтэй байна. НҮБ-ын шинжээчид ирээд Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчлах эрх зүйн тогтолцоо үйлчилж байна" гэсэн үндэслэлгүй мэдэгдлийг удаа дараа хийсэнд харамсаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн хяналтаас гадуур хэн хүнийг цагдан хорих тогтолцоо МУ-д байдахгүй. Гагцхүү гэмт хэрэг үйлдэж байхад нь газар дээр нь хойшлуулшгүй ажиллагааны журмаар баривчлах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд 24 цагийн дотор Шүүхээс зөвшөөрөл авдаг тогтолцоо үйлчилж байна. Иймээс УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг албан ёсоор Засгийн газарт энэ асуудлаар асуулга тавьж чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл сонсооч гэсэн хүсэлтийг гаргаж байна" гэлээ.