Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгах ажлын хүрээнд "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж, шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, “Салхитын Мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил"-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд 1 тэрбум 217 сая төгрөг, 

мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 1 тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2-т /Хахууль авах/ зааснаар яллагдагчаар татагдсан "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Тус шүүхээс прокурорын саналыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцээд, Т.Мөнхбаярыг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.