УИХ-ын баталж буй хууль тогтоомж, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүд нь Үндсэн хуулийг илт зөрчиж байгаа талаар сэтгүүлч Ч.Лодойсамбуу, хуульч П.Эрхэмбаяр нар өнөөдөр мэдээлэл хийв.

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нийгмийн халамжийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд нь хүний жам ёсны эрхийг зөрчиж, Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчиж байгааг тэд хэллээ. 

Энэ талаар сэтгүүлч Ч.Лодойсамбуу "Бид үндсэн гурван асуудлын хүрээнд Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Дээрх хуулиуд хэрэгжиж эхэлснээр Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөнд халдаж байгаа.

Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хүүхдийн мөнгийг орлого хамаарч өгдөг болсон. Үндсэн хуульд хүнийг аж байдал, хөрөнгө чинээ, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахгүй байна гэж тодорхой заасан. Гэтэл энэ заалтыг зөрчиж байна. Хүүхэд л бол хүүхэд. Тэр хүүхэд эцэг, эхээ сонгож төрөхгүй.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар орлогын хэмжээнээс шалтгаалаад татвар ногдуулах талаарх зүйл заалтыг нэмсэн. Үндсэн хуулийн хоёр төрлийн зөрчил үүсэж байна. Тодруулбал, хүнийг орлого, өмч хөрөнгөөр нь ялгаварлан гадуурхаж, хувь хүний эрхэд шууд халдаж байгаа. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хүний эд хөрөнгөд халдаж, нэгждэг боломж нь бий болчихож.

Засгийн газар болон татварын албанаас "Зөвхөн цалингийн орлоготой холбоотой" гэж мэдээлсэн. Гэвч Татварын ерөнхий хуулийн заалт бүрийг нь ороод харвал "цалин ба бусад бүх орлого" багтаж байна. Хэрэв орлогоо нотолж чадахгүй бол иргэнийг торгоно. Бүх орлогоо нотлохыг шаардах нөхцөлийг хуулиар бий болгосон" гэв.

"АРД ТҮМЭН, ТӨР ЗАСАГ НЬ ХУЛГАЙГ ИЛРҮҮЛДЭГ ХАМГИЙН ТОМ ШҮҮХ БОЛЖ ХУВИРЧЭЭ" 

Мөн тэрбээр "Сүүлийн үед Засгийн газар долоо эсвэл хоёр долоо хоногт нэг хулгайн хэргийг гаргаж ирдэг болжээ. Үүнийг нийгэмд гарч буй мэдээллүүдээс харж болно. Ард түмэн, төр засаг нь хулгайг илрүүлдэг хамгийн том шүүх болоод хувирчихсан. Энэ бүхний цаана Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэрүүд гарч байна.

Бид ямар нэгэн шаардлага хүргүүлж, эсэргүүцэж, тэмцээгүй. Ухралт хийх хуулийн зохицуулалт хийж байгаа учраас цэцэд хандаж байгаа юм. Энэ улсын амин сүнс нь Үндсэн хууль. УИХ-аас Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэрийг удаа дараа гаргаад байвал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийгээд ч хэрэггүй. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдрийг хүртэл найман удаагийн парламентаар баталсан 500 орчим хууль дотор Үндсэн хууль зөрчсөн 200 гаруй хууль байна" гэж хэлж байсан. УИХ нь өөрөө Үндсэн хуулийг зөрчөөд байвал энэ хуулийг хэн ч хэрэгжүүлэхгүй. Яагаад гэвэл, Үндсэн хуулийн амь бат бөх байх зарчмыг УИХ, Засгийн газар нь өөрсдөө үгүй хийж байгаа юм" гэлээ.

"ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ НЬ ХҮНИЙ ЖАМ ЁСНЫ ЭРХҮҮДЭД ХАЛДАЖ БАЙНА"

Хуульч П.Эрхэмбаяр "УИХ-ын баталж буй хууль тогтоомж, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүд нь Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээ конвенцийг зөрчиж байна.

Тодруулбал, УИХ-аас баталж гаргасан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, Татварын ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд нь хүний жам ёсны эрхүүдэд халдаж буй. Энэ нь хувийн нууцад халдах, шүүхийн шийдвэргүйгээр өмч хөрөнгийг нь хурааж авахтай холбоотой. Бусдаас хөрөнгө чинээгээрээ ялгагдахгүй байх суурь зарчим болон нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудыг зөрчсөн шийдвэрийг гаргасан байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа" гэсэн юм.