УБТЗ-ын албан тушаалтны хэргийг Эрүүгийн шинэ хуулиар шийдэх эсэх асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Хууль хүчин төгөлдөр болох хоёр үндсэн арга бий.

Нэгдүгээрт, 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс үйлчилнэ хэмээн үйлчлэлээ зааж хууль баталдаг.

Хоёрдугаарт, хоригийн хугацааг дуусгаад "Төрийн мэдээлэл" сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хууль үйлчилдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэгдсэн хууль нь ердийн горимоор буюу сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа үйлчилнэ. Ерөнхий сайд намайг дуудаж үүрэг, чиглэл өглөө. Тодруулбал, хууль хэвлүүлэх асуудлаа УИХ-ын Тамгын газрын даргад хэлээчээ. Хугацаа алдагдаад байна гэдгийг хэлсэн. Хуульд Ерөнхийлөгч хориг тавих хугацаа дууссан.

Энэ хуультай зэрэгцээд Шүүх шинжилгээний байгууллагын хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчлэх юм. Уг хуулийн хэвлэлтийг бас УИХ-ын Тамгын газрын даргад хэлнэ.

УБТЗ-ын нэр бүхий албан тушаалтантай холбоотой эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх хууль эрхзүйн боломж байхгүй. Үйлдэл нь хэдийд эхлээд дууссаныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох учиртай. Үргэлжилсэн, удааширсан, давтан, нийлмэл, нэгдмэл гэмт хэрэг гэж байдаг.

Иргэн Б-тэй холбогдуулан шалгаж байгаа хэрэг нь эдгээрийн аль хэлбэрт орохыг мөрдөн шалгах байгууллага тогтооно. Гэмт хэргийн хамгийн сүүлийн дууссан үйлдлээр тооцоод эрүүгийн хууль аль нь хүчин төгөлдөр байсанд хамаатуулна. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэг. Процессын хэм хэмжээний тухайд буцаж хэрэглэхгүй.

Уг хэргийг анх цагдаагийн байгууллага илрүүлсэн. Цагдаагийн байгууллагаас гурван зүйл ангиар ял сонсгож, эрх чөлөөнд нь халдах процесс явагдсан" гэв.