Өнөөдөр /2023.01.13/ Аймаг сумдын Ардчилсан намын дарга нар шуурхай хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагч И.Мөнхжаргал, УТЗ-ийн гишүүн Ш.Түвдэндорж, Ц.Одонтунгалаг, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд нар болон 21 аймаг, 330 сумын АН-ын дарга нар оролцлоо. 

Хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал хэлэхдээ, “Ардчилсан нам анхан, дунд шатны намын гишүүдийн санал дээр үндэслэж удирдлагын асуудлыг шийддэг. ҮБХ-ны гишүүд ч гэсэн анхан дунд шатнаас сонгогддог. Өнөөдрийн ҮБХ хуралд анхан дунд шатны гишүүдээс нэг ч санал аваагүй, хэн ч танихгүй хүмүүс очиж ҮБХ-ны гишүүн гэдэг нэрийг зүүж байгаа нь өөрөө АН-ын Үндсэн дүрэмд нийцэхгүй байна. Үүнд анхан дунд шатны гишүүд бухимдалтай байна. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэгт маш тодорхой саналыг хэлж байгаа. Аливаа асуудлыг шийдэхдээ АН-ын эв нэгдлийг сахиж, анхан шатны гишүүдийн эрхийг эдлүүлж, тэдний үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож, бүх маргаантай асуудлуудаа хамтарсан намын их хурал дээр хэлэлцэн шийдвэрлэе гэдгийг уриалж байна. ” гэлээ. 

Харин УТЗ-ийн гишүүн Ш.Түвдэндорж хэлэхдээ, “Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн мэндийг хүргэе. Өчигдөр /2023.01.12/ манай намын дунд шатны буюу аймаг, дүүргийн намын дарга нар хуралдаж 100 хувийн саналаар өнөөдрийн ҮБХ гэж хуралдаж байгаа хурлын асуудлаар санал нэгдэж өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Шинэ Үндсэн хууль батлагдсанаар монгол орон эрх зүйт төрийг байгуулж бүх зүйл хуулийн дагуу, хуулийн засаглалтай болсон. Манай нам бол энэ дагуу, УТН-ын тухай хуулийн дагуу гишүүд нь намын байгууллагаар дамжин хууль дүрмээ сахидаг байгууллага. Сүүлийн үед АН-ын удирдлагын асуудлаар Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх асуудлаар тодорхой хэмжээний үл ойлголцол, маргаан өрнөж байна.

Дунд болон анхан шатанд ямар ч хагарал байхгүй. Мөн ҮБХ-ны бүтэц бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, сонгуульт гишүүний татвараа төлөөгүй гэх мэт асуудлууд үүссэн учир энэ асуудлыг давхар шийдэж намын төлөөллийн төв байгууллагыг бид нэг мөр шийдэж авах нь зөв.

Иймд ротацийн сонгуулийг явуулж намын их хурлыг хуралдуулж бүх асуудлаа шийдэх боломж байна гэж бид харсан. Энэ талаар бид маргалдагч тал гэх С.Эрдэнийн талтай ярилцаж ажлын хэсэг байгуулан ажиллаж маш олон зүйл дээр санал нэгдэж байна. Иймд хамтарсан намын их хурлаа 2023 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэлээ.” гэлээ.

Дорнод аймгийн АН-ын дарга У.Даш хэлэхдээ, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд байна. Улс орны улс төржилт, нийгэм эдийн засгийн хүнд байдлаас гадна монголын ард түмэн хамаг баялгаа хэдхэн олигархуудад цөлмүүлчхээд арга ядаж байгаа энэ цаг үед, нөгөө талдаа худал хуурмаг, хулгай дээрэм, шударга бус шүүх ноёлсон энэ цаг үед нэг намын дангаар ноёрхол, нэг эдийн засаг, улс төр дамнасан хэсэг бүлэг бүлэглэлүүдийн ноёрхлын энэ цаг үед ард иргэдийнхээ бодит тэмцлийн манлайд туг болж тэмцэх ёстой Ардчилсан нам дотроо учраа олохгүй хоёр жил боллоо. Дотроо учраа олохгүй гэхээсээ илүү дотор нь учрыг нь олуулсангүй. Ардчилсан намыг эв зүйгээ олоосой гэж жирийн гишүүд хүсэж байна. Гэтэл бодит ойлголцол, эвлэрлийн ажил явж байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, эрх баригч МАН-ын дэмжлэгтэй Ардчилсан намын хэсэг хүмүүс ҮБХ гэгчийг хуралдуулахаар зарлан үйл ажиллагаа явуулж байна. Энэ ҮБХ-ны хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэм болон бүх журам зааврыг уландаа гишгэсэн үйл ажиллагаа явуулж байна гэж дунд шатны намын даргын хувьд үзэж байна. Өнөөдөр 2023.01.13/ зохион байгуулж байгаа ҮБХ-ны хурлыг 21 аймгийн Ардчилсан намын дарга нар тууштай эсэргүүцнэ. Хамгийн гол нь бид бүх талаар намын эв нэгдэл, ойлголцлыг хүсэж байна.” гэлээ. 

Сэлэнгэ аймгийн АН-ын дарга Р.Батжаргал хэлэхдээ, “Өнөөдрийн хэвлэлийн хуралд дарга нарын урилгаар ирсэнгүй, гишүүдийнхээ шахалтаар ирлээ. ҮБХ хуралдахдаа УТЗ-өөс шийдвэр авч хуралдах ёстой. Гэтэл үүнийг биелүүлээгүй, дүрэм хэнд хамаатай юм гэсэн байдлаар хандаж байна. Ингэж болохгүй, энэ бол Ардчилсан намын 200 мянга гаруй гишүүдийн үнэт зүйл. С.Баярцогтоо одоо боль! Одоо С.Баярцогтын ҮБХ хуралдаж байна. С.Баярцогтыг намын даргаар дэмжинэ гэж ярьж байна. Дунд доод шатны намын гишүүд хаачсан юм бэ? Сэлэнгэ аймагт амьдрал хэцүү байна. С.Баярцогт Сэлэнгэ аймгаас сонгогддог.

АН-ын бүлэг хүртэл АН-ын ажлыг булааж байна. Ингэж болохгүй. МАН-ын тусламжтай, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тусламжтай С.Баярцогтод энэ намыг өгөхгүй” гэлээ 

Хэнтий аймгийн АН-ын дарга М.Хүдэрбаатар хэлэхдээ, “Ардчилсан нам сонгуульт бүх гишүүдээсээ намын даргаа сонгодог. Маш шударга зарчимтай нам. С.Баярцогт тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс тэнд МАН-ын захиалгаар АН-ын эвлэрлийн ажлыг дахин бусниулахаар гуравдагч ан цавыг үүсгэхээр ажиллаж байна. Тиймээс Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа Ардчилсан намын бүх гишүүддээ намын төлөөллийн хувьд С.Баярцогт болон МАН-ын захиалгаар явж байгаа хүмүүсийн зохион байгуулж байгаа ямар нэгэн арга хэмжээнд битгий автаарай гэж уриалж байна. Ардчилсан нам нэгдэж чаддаг. Одоо ч бид нэгдэх болно. Ардчилсан намын ус тос нь ялгарч байна. өнөөдөр бид МАН-ын захиалгатай нөхдийг ч ялгах болно” гэлээ.