Хөгжлийн Банкнаас гаргасан зээлийн асуудлаар хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр "Ачлал трейд" ХХК-д тус банкнаас олгосон зээл болон зарцуулалтыг танилцууллаа.

Тус компанийн хувьцаа эзэмшигч УИХ-ын гишүүн асан М.Билэгт, "Дөрөвдүгээр эмнэлэг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золжаргал нар гэрчээр, Хөгжлийн Банкны хэлтсийн захирал Б.Уянга төлөөлөл болон дуудагдан иржээ.

Эхлээд шинжээчийн дүгнэлтийг танилцуулав.

"Ачлал трейд" компанийн эмнэлгийн барилгын цогцолбор барих хүрээнд 300 ортой эмнэлэг байгуулах төслийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн Банкнаас 15 сая ам.долларын зээлийг 10.03%-ийн хүүтэй, 2017 оны аравдугаар сарын 13-наас таван жилийн хугацаатай олгосон байна.

"Ачлал трейд" ХХК нь "Ачлал групп" ХХК-ийн охин компани бөгөөд иргэн Б.Мөнхжаргал, М.Билэгт нар 50%-ийн хувьцааг тус тус эзэмшдэг.

Хөгжлийн Банкнаас 2022 оны эцэст өгсөн мэдээллээр 15 сая ам.долларын зээлийн үндсэн төлбөрөөс ямар ч төлбөр хийгдээгүй, хүүгийн төлбөрт 6.7 тэрбум төгрөгийг төлсөн байна. Зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны эцсийн байдлаар 51.7 тэрбум, хүүгийн өрийн үлдэгдэл 68.1 тэрбум төгрөг. 

Төсөл нь 120 ортой, 180 ортой эмнэлгийн барилга гэсэн хоёр төрөл бий. 120 ортой эмнэлэг ашиглалтад орсон бол 180 ортой эмнэлгийн барилга дуусаагүй гэсэн мэдээллийг Хөгжлийн Банкнаас ажлын хэсэгт ирүүлсэн.

15 сая ам.долларын зээлээс холбогдох дансны хуулгыг нягтлахад 2 тэрбум төгрөгийг "Ачлал трейд" ХХК-ийн нэр дээрх ХХБ дахь хадгаламж барьцаалсан зээлийг хаахад зориулсан байна. 1.8 сая ам.долларыг "Ц.Энхтуяад олгов" утгаар бэлнээр зарлагдсан гүйлгээнүүд харагдаж буй. Энэ мөнгөний зарцуулалт тодорхойгүй хэмээн танилцууллаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

- 2017 оны аравдугаар сарын 13-нд таван жилийн хугацаатай зээл авсан байна. Энэ хугацаанд та УИХ-ын гишүүн, эрх баригч намын гишүүн байсан. Улс төрийн нөлөөгөө ашиглаж зээл авсан байна гэх нийгэмд ч, надад ч хардалт байна. Энэ зээлийг авахдаа улс төрийнхөө нөлөөг ашигласан уу?

- Та өөрийн эзэмшиж буй компанидаа зээл авсан байна. Намаасаа томилгоо аваагүй, сайд байгаагүй тийм болохоор таны амыг хаахын тулд Хөгжлийн Банкны зээлийг өгсөн юм болов уу гэдэг ойлголттой байна.

УИХ-ын гишүүн асан М.Билэгт:

Монголчуудынхаа элэг бүтэн амьдралын төлөө энэ 300 ортой эмнэлэг байгуулах төслийг 2010 онд санаачлаад 10 гаруй жил төслийг хэрэгжүүлэхийн тулд явж байгаа. 2010 онд төслийг санаачлаад 2017 онд Хөгжлийн Банкнаас зээл авах үед 2014 онд нэгдүгээр корпус нь босчихсон, 70%-ийн хувийн, хоёрдугаар корпус нь 30%-ийн гүйцэтгэлтэй байхад 2017 оны арваннэгдүгээр сараас Хөгжлийн Банкнаас зээл авсан. 

Гэхдээ Засгийн газарт хандаж авах гэсэн асуудал 2017 оноос эхэлсэн юм биш ээ. 2013 онд Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг байхад энэхүү төслийг Засгийн газар нь дэмжиж байгаа юмуу, Монголд хэрэгжих юмуу гэдэг тодорхойлолтыг Япон руу авч байсан. 2014 онд төсөл ямар хэмжээнд байгаа, Засгийн газар нь дэмжиж байгаа эсэх бичгийг дахин авч байсан. Ингээд 2014 оны тавдугаар сарын 25-нд "Барилгын болон эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх тухай" Засгийн газрын 164 дүгээр тогтоол гарч байсан. Энэ тогтоолыг хараад дараагийнхаа санхүүжилтэд Засгийн газрын дэмжлэгийг авах хэрэгтэй юм байна гэж бодоод 2015 оноос эхлэн Засгийн газарт хандсан байдаг юм.

2015 оны гуравдугаар сард Засгийн газраас 180 ортой эмнэлэг барихыг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлээрэй хэмээн Хотын дарга Э.Бат-Үүлд хандсан бичиг авсан. 

Мөн 2015 оны тавдугаар сарын 8-нд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад ЗГХЭГ-аас хандан "Ачлал трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Билэгтэд 300 ортой, хавдрын эмнэлэг ашиглалтад оруулахад шаардлагатай 60 сая ам.доллар хүртэлх зээлийг Хөгжлийн Банкнаас олгуулах асуудлыг шийдэж өгөхийг хүсэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нэр дээр албан бичиг ирүүлсэн байна. Энэхүү албан бичгээс үзэхэд 120 ортой эмнэлгийн эхний корпусын барилгын гүйцэтгэл 70%-тай, өөрсдөөсөө 15 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт гаргасан байгаа юм байна. Хүсэлтийг судалж үзээд Эрүүл мэндийн сайдын саналыг авсны үндсэн дээр зохих арга хэмжээг хамтран авах, шаардлагатай бол төсөл боловсруулж Засгийн газарт оруулж ирнэ үү гээд ЭМС-ын сайд Шийлэгдамбад 2015 онд бичиг өгч байсан юм.

ЭМЯ судлаад, Шийлэгдамба сайд 2015 оны есдүгээр сарын 23-нд ЗГХЭГ-ын дарга Ганболдод албан бичгийн хариуг өгсөн. Уг хариуд "Ачлал трейд" ХХК-аас ирүүлсэн 300 ортой хавдрын эмнэлэг өөрийн хөрөнгөөр барихад Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх тухай материалтай танилцлаа. Уулзалтууд хийлээ. "Ачлал трейд" компани нь Нийслэлийн эрүүл мэндийн газартай гэрээний дагуу хамтран ажиллах шаардлагатай байгаа бөгөөд яамны зүгээс хавдрын эмнэлгийг хувийн хөрөнгөөр барих асуудлыг бодлогын хувьд дэмжиж байгаагаа удаа дараа албан бичгээр хүргүүлж байсан гэсэн байдаг.

Ингээд Засгийн газрын хуралдаанд оруулъя гэсэн. Ингээд 2015 оны сүүлээр эдийн засаг хямарчихсан, Хөгжлийн Банкнаас тэр үед зээл гараагүй байх. 2017 онд Хөгжлийн Банкны шинэ хууль гараад, өмнөх зээлийн хүсэлт гаргасан төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлээд хөөцөлдөөд явсан юм.

Бизнес хийгээд хурдан ашиг олохоо бодсон бол оффис,орон сууц барих байсан. Эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулъя гэж бодсон юм. Сэтгэл хангалуун байгаа. 

ТЭЗҮ-гээ япончуудаар хийлгэсэн гээд хуулийн төслийг манай төсөл хангаж байсан. Хөгжлийн Банкнаас авсан зээл нийт 37 тэрбум төгрөг болж байсан. Өнөөдөр нийт 75 тэрбум болгож төлж байгаа. 8 тэрбум нь төлөгдсөн, 66.7 тэрбумын үлдэгдэлтэй. Зээлийн хугацаа 2022 оны аравдугаар сард дууссан. Ингээд Хөгжлийн Банк иргэний шүүхэд хандсан.

2023 оны нэгдүгээр сарын 13-нд анхан шатны шүүхийн хуралдаан хийгдсэн. Эмнэлгийн цогцолборыг босгосондоо сэтгэл хангалуун байгаа. Би энэ эмнэлгийг үүрээд аваад явах биш. Япон технологиор баригдсан эмнэлэгт 300 гаруй эмч, мэргэжилтэн ажлын байраар хангагдан ажиллаж байна.

2022 оны арванхоёрдугаар сард үл хөдлөх хөрөнгөөрөө өрөө барагдуулахаар Хөгжлийн Банктай хэлэлцээр хийж байсан юм. Гэтэл олон нийтийн сүлжээгээр Хөгжлийн Банк энэ хүний төслийг өндөр үнээр авах нь гэсэн хардлага яваад дүүжлэгдээд эхлэнгүүт шүүхийнхээ зарчмаар явахаа хэлсэн.