Засгийн газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын нийт хүүхдийн 91%-д олгох шийдвэр гарсан. Хүүхдийн мөнгө халамжийн нэг төрөл болсон. Хүүхэд бүрд 100,000 төгрөгийг хүргэхээр ажиллаж байна. 1,039,000 хүүхдэд олгоно. Хүүхдийн мөнгө 17 жилийн туршид олгогдож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нэг ч хүүхэд орхигдоогүй. 

1,039,000 хүүхдээс өнөөдрийн байдлаар өрхийн сангийн мэдээлэл нь бэлэн болсон 823,354 хүүхдийн мөнгө өнөөдөртөө багтаж дансанд нь орно. Энэ нь хүүхдийн мөнгө авах хүүхдүүдийн 72 хувь нь юм" гэв.

Түүний мэдээлснээр, өчигдөр олон нийтэд хандан мэдээлэл хийснээс хойш 21,513 өрх мэдээллээ залруулах хүсэлтийг цахимаар ирүүлсэн байна. Улаанбаатар хот болон орон нутагт 37,478 иргэн утсаар холбогдож өрхийн сангийн мэдээллээ нягталжээ.

22,389 иргэн сум, хороондоо биеэр ирж өрхийн сангийн мэдээллээ нягталжээ. Нийт дүнгээрээ 69,910 иргэн халамжийн нийгмийн ажилтнаар программ дээр өрхийн сангийн мэдээллээ шалгуулж, зөвлөгөө мэдээллийг авчээ.

Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16,000 өрхийн мэдээллийг шуурхай засварласан байна. Сум, хороодод Засаг даргаар ахлуулсан хамтарсан буюу халамжийн нийгмийн ажилтан, улсын бүртгэгч нар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг гүйцэтгэж эхэлжээ.

Тэрбээр "Нийт иргэддээ дахин анхааруулж хэлэхэд хүүхдийн мөнгө авах ёстой 91%-д хамрагдахаар байгаа иргэд тайван байх хэрэгтэй. Өрхийн мэдээллийн санд бүртгэлийн зөрүүтэй байдлын улмаас 91%-аас хасагдаад байгаа иргэдийн мэдээллийг залруулах ажлыг 14-21 хугацаанд хийнэ. Хүүхдийн мөнгө авах ёстой хүүхэд бүр мөнгөө авна, хохирохгүй. Иргэд хүлээцтэй хандаж төрийн ажил гүйцэтгэж буй нэгжүүдтэй хамтран ажилласны үр дүнд энэ бүх нөхцөл бий болох юм.

E-Mongolia систем хэвийн ажиллаж эхэлсэн. Иргэд нэг өдөр уг системд олноор хандсанаас ачаалал үүсэн саатал бий болсон. Энэ саатлыг ЦХХХЯ богино хугацаанд засаж, цаашдаа хэвийн үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн" хэмээн мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ:

 

Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia.mn-ээс шалгах боломжтойг албаныхан мэдээлсэн. 

Гэвч ердийн үеэс хэт олон хүн зэрэг хандсанаар ачааллаа дийлэхээ больж, уг системийн ажиллагаа доголдсон юм. Үүнд ямар арга хэмжээ авсан талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр "Хүүхдийн мөнгө авах эсэх мэдээллийг нэгдүгээр сарын 16-наас e-Mongolia.mn-д холбож, харуулж эхэлсэн. Тухайн өдөр 346,154 иргэний гар утсанд хүүхдийн мөнгө авах тухай мэдээллийг зурвасаар илгээснээс 109,717 нь баталгаажуулах байдлаар e-Mongolia.mn-ээс шалгасан байна.

Нэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор 371,656 иргэн хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхийг шалгаж, холбогдох хүсэлтүүдээ өгсөн.

Нэгдүгээр сарын 16-ны оройн 22:00 цагийн байдлаар 300,000 хүн зэрэг хандсан. Энэ нь энгийн үеийнхээс 15-20 дахин нэмэгдсэн.

Бид мэдээлэл хариуцагч нарын мэдээллийг иргэддээ e-Mongolia.mn-ээр дамжуулж харуулах бэлтгэлээ хангахдаа ачааллыг 10 дахин нэмэгдүүлэхэд сервер унах эрсдэлгүйгээр байхгүй гэж тооцоолсон. Гэвч 20 дахин нэмэгдсэнээр хэт их ачааллын үед сервер унах, дийлэхгүй байх нөхцөл үүссэн.

Иймд Дархан-Уул аймаг дахь Дата төвөөс нэмэлт төхөөрөмж авчран байршуулж, e-Mongolia.mn системийг хэвийн үйл ажиллагаанд оруулсан" гэлээ.