Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Авлигатай Тэмцэх Газраас нүүрсний хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 хүний нэрийг зарласан байдаг. Үүний долоо нь УИХ-ын гишүүн байсан, тэдгээр гишүүнээс яллагдагчаар татсан хүн байгаа эсэх талаарх сэтгүүлчийн асуултад Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од хариуллаа. 

Тэрбээр "Мөрдөх байгууллагаас нэр дурдагдсан 17 гишүүний заримд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татах саналыг Нийслэлийн Прокурорын Газарт гаргасан. Тухайлбал,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг яллагдагчаар татсан.
  • "Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Р.Сэддорж, Д.Ариунболд нарыг яллагдагчаар татсан.
  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол УПЕГ-аас гарсан байгаа" гэлээ.

Мөн "Нүүрс болон Хөгжлийн Банкны хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ дахиж тавих уу гэх асуултыг сэтгүүлчид асууж байна. Одоогоор Хөгжлийн Банкны хэрэгт улс төрд нөлөө бүхий таван хүнийг яллагдагчаар татсан.

Хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Прокуророос гарах яллах дүгнэлт гэх эрх зүйн баримт бичиг үйлдэгдээд дууссан байгаа. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал шүүхийн шатанд байна" хэмээн нэмж хэлэв. 

Эргэн сануулахад, Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд зарлаж байв.