Өндөр орлоготой есөн хувийг хүүхдийн мөнгөнөөс хасч, үлдсэн 91 хувьд олгох журам хэрэгжиж эхэлсэн нь олон нийтийг бухимдуулаад байна. Төрийн нэгдсэн мэдээллийн бүртгэл зөрсөнтэй холбоотойгоор хүүхдийн мөнгө авах шаардлагатай олон зуун өрх хасагдаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан ээжүүдийн төлөөлөл олон нийтэд хандаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон ҮСХ-нд шаардлага хүргүүллээ. Ээжүүдийн төлөөлөл ингэж ярилаа. 

А.Дөлгөөн:
-ҮСХ өрхийн амьжиргааны түвшин тогтоохдоо орлогыг орлуулан тооцох аргачлалаар хийсэн гэдгийг судалж мэдлээ. Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг ч  91 хувьд багтаагүй. Надтай холбогдсоноор яг ийм асуудал тулгарсан 1000 гаруй өрх байна. Тэнд жинхэнэ зорилтот бүлэг нь тэнд байна. ХНХЯ болон ҮСХ зэрэг 10 гаруй байгууллагын хамтарсан ажлын хэсэг хагас жил гаруй судалсан гэсэн. Ажлын хэсэг зургаан сарын хугацаанд хэдэн төгрөгийн төсвөөр ажиллаж, хэчнээн хүүхдийг хохироосон бэ гэх шаардлагыг бид тавьсан. Зөрүүтэй мэдээллийг гурван жил тутамд шинэчлэх ёстой байсан. Тухайн өрхийн олсон орлогоос татвар, даатгал, зам ашигласны татвар, НӨАТ, зээл гэх мэт зүйлийг хасаад бодох ёстой. 

 

Н.Наранцацрал:
-Бие гэртээ ганцаараа ажил хийдэг гурван хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Гэтэл жилд 30-40 сая төгрөгийн орлоготой, арван сая төгрөгийн татварын төлөх боломжтой гээд гараад ирсэн. Мэдээлэл зөрүүтэй байна гээд хорооны халамж дээр очсон чинь нийгмийн даатгал дээр очиж уулз гэсэн. Харин нийгмийн даатгалаас намайг цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн хуулбараа хорооны нийгмийн ажилтандаа өгч зөрүүгээ арилга гэсэн. Материалаа бүрдүүлээд Чингэлтэй дүүргийн халамжийн хэлтэс дээр очсон боловч хүлээж аваагүй. 

 

Я.Баяраа: 
-Гэр хороололд амьдардаг. Машин байхгүй. Би өнөөдөр ажил хийж, нийгмийн даатгал төлж байгаа болохоор хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байна. Хүүхдээ мэргэжил сургуультай болгох гэж шударгаар хөдөлмөрлөж явна. Эсвэл ганц бага насны хүүхэдтэй болохоор боломжийн амьдралтай гэж тооцоод байгаа юм уу. Надад хүмүүсийн хэлээд байгаа ипотекийн зургаа, найман хувийн байр нь ч алга. Байртай болох юмсан гэж мөрөөдөөд ч чадахгүй явна.

 

М.Цэцэгбадам: 
-Манайх ам бүл гурвуулаа. Нөхөр хүүгийн хамт амьдардаг. Үл хөдлөх хөрөнгө дээрээ гурван машин бүртгэлтэй болчихсон. Мэдээллээ заслаа гэсэн чинь бүр дөрвөн машинтай болгочихсон. Өрхийн орлого тооцож байгаа бол өрхийн зээлийг яагаад тооцоолж болоогүй юм бэ. Манай нөхөр ганцаараа ажил хийдэг төрийн албан хаагч.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин