Гадаад Харилцааны яамны удирдлагууд "Монгол Улсын гадаад харилцааны бодлого, үйл ажиллагаа"-ны талаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны тухайд "Өндөр хөгжилтэй орнуудад Монгол иргэдийг визгүй зорчуулах яриа хэлэлцлийг байнга явуулдаг. БНСУ-тай визийн хөнгөлөлтийн асуудлыг идэвхтэй ярьж байгаа. Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайдыг айлчлах үеэр иргэдийг тус улсад ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болгох санал тавихаар бэлтгэлээ хангаж байна.

Эмчилгээний зорилгоор зорчиж буй иргэдийг визгүй зорчуулах, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх талаар ярилцах нь бидний эхний ээлжийн зорилго юм. Түүнчлэн олон удаа зорчсон иргэдийг хөнгөлөлттэй зорчуулах гэсэн саналыг олон жил тавьж байсан одоо бол огт визгүй байх санал тавихаар шийдээд байна" гэсэн юм. 

2022 оны олон харилцааны төлөв байдлын талаар "Хоёр хөрш болон гуравдагч түнш орнуудтайгаа тэнцвэртэй түншлэлээ хадгалж, үндэсний эрх ашгийг эн тэргүүнд тавьсан стратегийн бие даасан гадаад бодлогоо үргэлжлүүлж ажиллана. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн хөгжлийг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахад анхаарна. 

Тээврийн салбарыг бэхжүүлэн хөгжүүлэхэд агаарын болон авто тээврийн салбарын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг бусад улстай байгуулахад ихээхэн анхаарч ажиллахаар төлөвлөлөө. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлж буй ажлуудыг сурталчлах, аялал жуулчлалын салбарыг дэмжин ажиллана" гэв. 

Түүнчлэн дэлхийн 87 улсад 167,000 Монгол иргэн оршин сууж байгааг дурдаад "Тэдний 125,000 нь хууль ёсны оршин суугчид байна. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас 2009-2022 онд 800 иргэнд 2.2 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн. Тус санд 2022 онд 200 сая төгрөг, энэ онд 392 сая төгрөг төсөвлөсөн. Уг сангийн өнгөрсөн жилийн зарцуулалтыг харахад дийлэнх нь нас барсан иргэдийн шарилыг зөөх, эх орондоо ирэх боломжгүй хүмүүсийг авчрах зэрэгт зориулагдсан байна. 

2022 онд 762 иргэн гадаад улсад гэмт хэрэгт холбогдсон бол 144 иргэн хилийн чанадад нас барсан. Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар 157 иргэн 17 улсад ял эдэлж байна. 

Хилийн чанадад ял эдэлж буй Монгол иргэдэд консулын туслалцаа үзүүлж, ар гэртэй нь холбоо тогтоолгох, ажлыг тогтмол хийж ирсэн. Хилийн чанадад ял эдэлж байгаа 132 иргэнийг Дипломат төлөөлөгчийн газруудаас эргэж, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд 42.8 сая төгрөгийг зарцуулсан" гэдгийг Б.Батцэцэг сайд хэллээ.