Газрын багц хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр Өмчийн эрх зүйн тэгш байдал, газрын харилцааны зэрэгцээ тогтолцооны талаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимийн шүүгч, доктор Н.Баярмаа илтгэл тавьсан юм. 

Тэрбээр илтгэлдээ "Бусдын газар дээр барилга байгууламж барих эрх, эзэмших эрхийн асуудал яригдаж буй хот суурин газартай холбоотойгоор энэхүү илтгэлээ тавих юм.

Монгол Улсын нийт газар нутгийн өмчлөлийн байдлыг харвал,

  • 99.94 хувь нь төрийн нийтийн өмч. Үүнээс бодит эзэмшил үүсээгүй 94 хувь, эзэмших эрх 3.8 хувь, ашиглах эрх 0.2 хувь байна.
  • 0.06 хувь нь хувийн өмч. Үүнээс өмчлөгч өөрөө ашиглаж байгаа нь 57.2 хувь, өмчлөгчөөс бусад этгээд ашиглаж байгаа нь 42.8 хувь байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийт газар нутгийн төрийн өмчид орж буй газар нутгийн 4-5 хувь нь бодит эзэмшлийн газар нутаг. Тэгэхээр ихэнх газар нутаг нь бодит эзэмшилд ашиглагдаж байгаа гэхэд бэрхшээлтэй.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хуулиар эзэмших эрх барьцаалагддаггүй, эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалагддаг.

Гэрчилгээ барьцаална, эрх барьцаална гэдэг нь хууль зүйн хувьд энэ бол маш том ялгаатай хоёр ойлголт.

Сүүлийн таван жилийн мэдээллээс харахад жил тутамд 38-54 мянган өмчлөх эрх болон эрхийн гэрчилгээ жил болгон шинээр нэмж барьцаалагддаг.

Монгол Улсын нийт барьцаалагдсан эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын 32 хувь нь дээрээ үл хөдлөх эд хөрөнгөтэй. Өөрөөр хэлбэл газар тусдаа, дээрх үл хөдлөх хөрөнгө нь тусдаа барьцаалагдсан тохиолдол гэсэн үг. Мөн гэр бүлийн хэрэгцээний газар хамгийн их буюу 44 хувиар барьцаалагдаж байна.

Өнөөдөр иргэний хэргийн шүүхэд ирдэг нэхэмжлэл буюу маргааны төрлүүд нь газартай холбоотой.

Захиргааны хэргийн номер нэг маргаанд газрын маргаан явдаг. Иргэний хэргийн шүүхэд бусад маргаан дээгүүр ордог ч эдийн засгийн утга агуулгаараа хамгийн өндөр үнэтэй маргаан нь газрынх байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

  1. Өмчлөлөө тогтоолгоё гэсэн шаардлага орж ирдэг.
  2. Барьцаанд авчихсан газар өмчлөх эрх, эзэмших эрхээ худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлээ хангуулъя гэх шаардлага орж ирдэг. Өөрөөр хэлбэл Үндсэн буюу зээлийн үүрэг нь зөрчил үүсээд барьцааны  зүйлээс үүргээр хангуулах шаардлага орж ирдэг.
  3. Дэвсгэр газар түүний дээр байшин өмчлөгч хоёрын хоорондын маргаан байдаг. Дэвсгэр газрын эзэн нь "би газраа эзэмшинэ байшинг буулга" гэж маргадаг бол байшингийн эзэн нь "би байшингийн өмчлөгч тул энэ газрыг ашиглах эрхтэй" гэж маргадаг. Энэ газрыг надад олгуулж өг гэж маргадаг. Өөрөөр хэлбэл босоо тогтолцооны хоёр өмчлөгч эзэмшигч нар хоорондоо бодит эзэмшлээ булаалдаж маргадаг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ маргаан их их болж байна" хэмээлээ.