2023 оны 2-р сарын 9. Энэ өдөр Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг Ардчилсан Намын даргаар бүртгүүлэхээр ирүүлсэн хоёр тусдаа хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байв.

Гэвч олон нийт бүү хэл талцан хуваагдсан АН-ын удирдлага дахь нөхдүүд ч Улсын дээд шүүх урьдын адил хоёр талын хүсэлтийг хүлээн авахгүй байх гэсэн бодолтой байлаа.

Тиймээс ч С.Эрдэнийн АН-ынхан "4-11" нэртэй хэвлэлийн хурлаа хийн, УИХ-ын нээлттэй сонсгол, Хөгжлийн банк, нүүрсний хулгайг шүүмжилсэн шигээ ярьж байсан бол "Женко"-гийн гэх АН-ынхан ч 12:30 цагаас Монгол Ардын нам тойрсон хулгай луйвар, иргэдэд ноогдож буй гэх 15 мянган төгрөгний асуудлаар хэвлэлийн хурал хийхээр сууж байв.

 

Гэвч Улсын Дээд Шүүх 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хуралдсан АН-ын их хурлаар Л.Гантөмөрийг сонгогдсоныг  Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу явагдсан байна гэж үзэж, түүнийг улсын бүртгэлд бүртгэх гэж байгаа тухай мэдээлэл Халтмаагийн Баттулга, Содномзундуйн Эрдэнэ нарт ирлээ.

 

Мань хоёр ч түргэн авч, тус тусынхаа намын аппаратынхныг нэгтгэн, Улсын Дээд шүүхийн гадаа жагсаалархуу юм хийлгэв. Энэ үеэр "Женко"-гийн ба С.Эрдэнийн АН-ын залуус:  "Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг битгий бүртгээрэй.Эрх баригчдад ҮХНӨ-ийг баталж өгнө гэж дарга болж болохгүй. АН-ын гишүүд үзэл бодлоо шингэсэн даргаа хүлээн зөвшөөрсөн. Дээд шүүх хууль, тогтоомжоо хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Үгүй бол Дээд шүүх гэдэг байгууллага АН-ын хувьд байхгүй болно гэсэн үг, Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг хүчингүй болгох асуудлыг хөндөнө" гэж байлаа.

Гэвч Улсын Дээд Шүүх 17.00 цагийн орчим шийдвэрээ гаргасан бөгөөд 18:52 цагт албан ёсны шийдвэрээ вэб сайтдаа нийтлэв.

 

Үүнтэй зэрэгцэн, УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Б.Гарамгайбаатар, АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Эрдэнэболд тэргүүтэй АН-ын гишүүд мэдээлэл хийн, АН эргэлзээгүйгээр нэг даргатай болсон, тэр нь Лувсаннямын Гантөмөр болохыг зарлах нь тэр ээ.

 

Улсын Дээд Шүүхийн шийдвэрт тэмдэглэхдээ: "  Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд, өргөдлийн дагуу улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй гэж үзэв. Өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтуудаас үзвэл:

 

-Намын үндсэн дүрмийн 5.13.13.1-д “Намын дарга эсвэл Үндэсний бодлогын хорооны дарга Үндэсний бодлогын хорооны 1/3-ээс доошгүй гишүүдийн шаардлагаар 14 хоногоос хэтрүүлэхгүйгээр зарлан хуралдуулах үүрэгтэй” гэж заасны дагуу Үндэсний бодлогын хорооны 167 гишүүн “ээлжит бус хуралдаан хуралдуулах” шаардлага гаргасан байна. Энэ нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 389 гишүүний 167 гишүүн санал гаргасан нь Намын дүрмийн дээрх шаардлагыг хангасан; 

 

-Намын дүрмийн Дөрөвдүгээр бүлэгт “намын шийдвэр гаргах зарчим”-ыг зохицуулахдаа 4.3.5-д “Хурлын ирц дараах байдлаар бүрдэнэ” гээд 4.3.5.1-д “Бүх шатны намын байгууллагын хурлын хувьд Үндсэн дүрэм, бусад журамд өөрөөр заагаагүй бол таслах эрхтэй нийт гишүүдийн ердийн олонх” гэж заасан байна. Иймээс 389 гишүүний ердийн олонх 196 гишүүн байхаас 201 гишүүн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд оролцсон нь хурлын ирцийн хувьд дүрэмд заасан шаардлагад нийцсэн;

 

-Дүрмийн 5.13.1.1-д “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг намын эрх бүхий байгууллага буюу Үндэсний бодлогын хороо шийдвэрлэнэ” гэж зааснаар намын дотоод асуудлаа шийдэж, намын даргын асуудлыг шийдвэрлэсэн нь дүрмийн хүрээнд байна;

 

-Дүрмийн 5.12.2-т “... Их хурлын ээлжит, ээлжит бус хуралдааныг Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн ердийн олонх /50-аас дээш хувийн/-ын саналаар эсхүл Намын дарга зарлан хуралдуулна” гэж заасан, 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Үндэсний бодлогын хорооны хуралдаанд 249 гишүүн ирсэн нь дүрэмд заасан шаардлагыг хангасан. Энэ хуралд намын даргад 3 гишүүн өрсөлдөж, Л.Гантөмөр 51.88 хувийн санал авсан нь зөрчилгүй;

 

-Дүрмийн 5.12.4-т “Их хурал нь дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд, 5.12.4.8-д “Намын даргыг ёсчлон батламжлах” гэж зааснаар 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Намын их хурал хуралдсан, 1009 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, намын даргаар Л.Гантөмөрийг сонгогдсоныг 100 хувийн саналаар ёсчлон батламжилсан нь дүрмийн дагуу болсон;

 

-Их хурлын 1009 төлөөлөгчийн 302 нь Үндэсний бодлогын хорооноос, УИХ-ын 9 гишүүн, Дотоод сонгууль, Үндсэн дүрмийн хорооноос 7 хүн, орон нутгаас 502, Улаанбаатар хотоос 189 төлөөлөгч оролцсон нь Дүрмийн 5.12.3-т “Их хурлын төлөөлөгчид нь сонгогдох, томилогдох зарчмаар бүрдэх бөгөөд өөрөөр шийдээгүй бол Нийслэлд дүүргийн хороо тус бүрээс 2, аймагт 10000-аас дээш хүн амтай сумын баг бүрээс 1, бусад сумдаас тус бүр 1 төлөөлөгч сонгох ба Намын дарга, Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагын гүйцэтгэх удирдлага томилогдоно” гэж заасанд нийцсэн гэж тус тус дүгнэв...“Ардчилсан намын даргаар Д.Ганбатыг бүртгүүлэх тухай” С.Эрдэнэ /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд/-ийн өргөдлийг дараах үндэслэлээр хангахаас татгалзав.

Хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудаас үзвэл Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаалаар “намын даргыг сонгох сунгаа”-г зарласан нь тус намын Үндсэн дүрмийн 5.17.4-т нийцээгүй, тус намын даргын бүрэн эрхэд хамаарахгүй асуудал байна.

 

Түүнчлэн ирүүлсэн баримтууд нь дараах байдлаар шаардлага хангаагүй гэж үзэв.

 

-“Үндэсний бодлогын хорооны 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор намын ээлжит бус XVI Их хурлыг товлон зарлаж, хэлэлцэх асуудлыг тогтоосон” гэх боловч Үндэсний бодлогын хорооны уг хуралд оролцсон гишүүдийн нэрс тодорхойгүй, уг гишүүд нь хуралдаанд ямар хэлбэрээр оролцсоныг баталгаажуулсан баримтыг ирүүлээгүй байх тул Үндсэн дүрмийн 5.12.2-т заасан “... Их хурлын ээлжит, ээлжит бус хуралдааныг Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн ердийн олонх /50-аас дээш хувь/-ын саналаар ... хуралдуулна” гэснийг хангаагүй; 

 

-Дотоод сонгуулийн хорооны хуралдааны ирц, гарсан шийдвэрийн хүчин төгөлдөр байдал тодорхойгүй /ирцийн бүртгэл, хуралдааны тэмдэглэл байхгүй/ нь Үндсэн дүрмийн 5.22.5.10-д “...хуралдааны тэмдэглэл...” хөтлөх, 5.22.5.12-д “...10-аас дээш гишүүний ирцтэйгээр эхэлж, ердийн олонхын саналаар шийдвэрээ гаргана” гэснийг хангаагүй;

-Цахим сонгуульд “... 79489 гишүүн санал өгсөн” гэх боловч гишүүдийн нэрс байхгүй, сонгуульд оролцсоныг нь баталгаажуулсан баримтгүй;

-Ардчилсан намын ээлжит бус XVI их хуралд оролцсон төлөөлөгчдийн ирцийн бүртгэл гэх баримтад танхимаар оролцсон гэх гишүүдийн гарын үсэг байхгүй, цахимаар хийсэн хурлын явцыг баталгаажуулсан баримт байхгүй нь Үндсэн дүрмийн 4.3.5.1-д “...ердийн олонх”-оор ирц бүрдэх, 4.4-т “... шийдвэр нь ердийн олохын саналаар хүчин төгөлдөр болно” гэснийг хангаагүй гэж үзлээ." гэсэн байв.

 

 

Товчоор хэлвэл Л.Гантөмөрийг АН-ын даргаар томилсон АН-ын ҮБХ бол албан ёсны ҮБХ болохыг, АН-ын гишүүдийн дийлэнхи олонхи нь түүнийг АН-ын даргаар сонгосон ҮБХ-ы хурал, АН-ын их хуралд оролцсон болохыг баталсан байлаа.

Харин С.Эрдэнийн гэх АН-ын ҮБХ нь хуурамч, Дотоод Сонгуулийн Хороо гэгч нь ямар гишүүдгүй, Д.Ганбатыг АН-ын даргаар сонгосон цахим сонгууль гэгчид нь АН-ын гишүүд оролцсон эсэх нь эргэлзээтэй гэж үзжээ.

Ийнхүү АН албан ёсны даргатай болж, С.Эрдэнийн ба "Женко"-гийн гэх АН-ын аппаратууд ямар ч үйл ажиллагаа явуулах эрхгүй болж байна.

 

Энэ бүхний ард юу болов?

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцож, "амны бөх" болсныхоо шагналд ямартай ч АН-ын дарга хэвээрээ байгаа гэж итгэсэн, хэрэв намайг дарга биш гэвэл уг сонгууль хүчингүй болно гэсэн аргументандаа хэт найдсан Содномзундуйн Эрдэнэд энэхүү шийдвэр "шок"-онд оруулахуйц үйл явдал болжээ. Иймээс ч тэрээр хойшид ямар үйл ажиллагаа явуулахаа хараахан шийдэж чадаагүй ба ямартай ч нэг хэсэгтээ уг шийдвэрийг эсэргүүцнэ гэх байр суурьтай байгаа юм байна.

Харин Халтмаагийн Баттулгын хувьд нэгэнт гарсан Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй, тэгээд ч намынхаа эв нэгдлийг нэн түрүүнд тавина гэж үзсэн тул АН-ын дарга Л.Гантөмөртэй хамтран ажиллана, үг хэлээ ойлголцож болох байх гэж шийдсэн гэнэ.

 

М.Гал

sonin.mn