УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Одонтуяа, Т.Доржханд нар зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын 80 дугаар тогтоолд Зөвлөлдөх санал асуулга явуулах асуудлыг тусгасан билээ. 

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-аас Зөвлөлдөх зөвлөлийн зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулан миний бие ахлагчаар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар ажлын хэсгийн гишүүнээр нь ажиллаж буй. Нэгдүгээр сард багтаан Зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатыг зохион байгуулсан. 

Улмаар хоёр дахь шат болох Зөвлөлдөх уулзалтыг хоёрдугаар сарын 14, 15-ны өдөр явуулахаар болсон юм. Уг уулзалтад эхний шатанд орсон 1,570 хүнээс 800 гаруй хүн оролцуулахаар бэлтгэл ажлаа хангалаа. 

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд тархаад байгаа Үндсэн хууль өөрчлөх гэж байна гэдэг зүйлд тайлбар хэлье. Тусгаар тогтнолд хамаарах зүйлийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар хасах гэлээ гэж байгаа нь худлаа. 

Зөвлөлдөх санал асуулгад Шинэ Үндсэн хуультай холбоотой зүйл огт байхгүй. Харин тухайн асуултад Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тулгамдаж буй асуудлыг үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд ярих юм. 

  1. Иргэний болон улс төрийн эрхтэй холбоотой асуулт 
  2. Парламентын ардчиллын тухай
  3. Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах 
  4. Нийгмийн бодлогод тулгамдаж буй олон асуудлыг тусгасан билээ. 

Зөвлөлдөх уулзалт гэдэг нь ард түмнийхээ саналыг тэнцвэртэй мэдээллийн хүрээнд сонсох үйл явц юм. Тиймээс Зөвлөлдөх уулзалтад Шинэ Үндсэн хууль хэлэлцэх асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 

УИХ-аас Зөвлөлдөх зөвлөлийн дотоод үйл ажиллагаанд нь оролцохгүй, зөвхөн дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй" гэж ярилаа.