Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр эхэллээ.

Сонсголын эхэнд хэлэлцэж буй “Асем Вилла” төсөлтэй холбогдуулан нийт 12 хүнийг гэрчээр дууджээ.

Тус төслийн шийдвэр гаргалттай холбоотойгоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудсан ч очих боломжгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байна.

Тэрбээр албан бичигтээ “Миний бие Стэнфордын их сургуульд зочноор уригдан ажиллаж байгаа бөгөөд гуравдугаар сарын 13-нд болох нийтийн сонсголд цахимаар оролцох боломжтой” хэмээн бичжээ.

Энэ талаар хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Холбогдох эрх бүхий хүмүүс хүрэлцэн ирээгүй байна. Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очдог гэсэн хүн Хөгжлийн Банкны сонсголд ирсэнгүй” гэв.