Өчигдөр болсон Хөгжлийн банкны нээлттэй сонсголоор 2016 онд Монгол Улсад зохион байгуулсан АСЕМ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Хөгжлийн банкнаас гаргасан санхүүжилт, шийдвэр, зарцуулалтын талаар хэлэлцэв.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан тухайн үеийн өндөр албан тушаал хашиж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Сангийн сайд С.Баярцогт нарын 68 хүнийг гэрчээр дуудсан боловч Ц.Элбэгдорж гадаадад томилолттой яваа учир оролцох боломжгүй хэмээн бичиг ирүүлсэн байна. Харин Сангийн сайд С.Баярцогт гэрчээр оролцож, нээлттэй сонсголыг ахалсан УИХ-ын гишүүн Б.Энхбаярын асуултад хариулав. 

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

 

-Асуултуудын ихэнх нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид хандсан байна. Харамсалтай нь, дуудсан цагт гутлаа тослоод ирнэ гэдэг хүн ирсэнгүй. Тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтоос асууя. АСЕМ Вилла төслийг Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ҮАБЗ-ын шийдвэрийг хэзээ, ямар хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн бэ?

 

Сангийн сайд асан С.Баярцогт: 

 

-АСЕМ бол Ази Европын дээд хэмжээний уулзалт бөгөөд Европын 30, Азийн 21, Олон улсын хоёр байгууллага оролцсон маш том нээлттэй платформ. Үүнийг Улс төрийн олимп ч гэж нэрлэдэг, Монгол Улс 2008 онд элсэн орсон. 12 жилийн дараа Монголд энэ уулзалтыг зохион байгуулах завшаан олдсон. Зохион байгуулах ажлын хэсгийг Ерөнхий сайд ахалж ажилласан.

 

АСЕМ зохион байгуулахаар Монгол Улсын 2016 оны төсвөөс 50 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан. АСЕМ-ийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх болсон шалтгааны тухайд бид өмнөх АСЕМ уулзалтуудын туршлагыг судалсан.

 

Бидний хувьд дэлхийн 51 улсуудын төрийн тэргүүн, ерөнхий сайд, өндөр албан тушаалтнуудыг хүлээн авах дэд бүтэц байгаагүй учир нэг зочид буудалд таваас дээш хүнийг байлгах нь аюулгүй талаасаа боломжгүй. Тиймээс ҮАБЗ хуралдаж төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн хотхоныг Их тэнгэрт байгуулах санал яригдсан. 

 

Тухайн үед би ЗГХЭГ-ын дарга байсан. Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан. Тухайн үед Засгийн газраар хэлэлцээд 337 дугаар тогтоолыг гаргасан. Ингэхдээ, Хөгжлийн банкны 7.1.1, 16.2 дахь заалтыг үндэслэсэн.

 

Би 2011 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны тухай хуулийг санаачлан боловсруулж батлуулсан. 226 дугаар тогтоолыг хэлэлцэж байхад Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат ажиллаж байсан. Энэ хоёр тогтоолд хоёуланд нь Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд гарын үсэг зурснаар баталгаажсан.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

 

-АСЕМ Виллатай холбоотой асуудлаар УИХ-ын шийдвэр байхгүй байхад Засгийн газар гаргасан байна гэсэн Хөгжлийн банкны дүгнэлт байна. Таныг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд АСЕМ Вилла хотхоныг санхүүжүүлэх шийдвэрийг УИХ-аас гаргасан байсан уу. Хөгжлийн банкнаас санхүүжүүл гэсэн шийдвэр байхгүй юм байна, тийм үү?

 

Сангийн сайд асан С.Баярцогт:

 

-Энэ дүгнэлтийг бичсэн хүнээс өөрөөс нь асуу. Би Засгийн газрыг төлөөлж байгаа. Дөрвөн том төслийг санхүүжүүлэх тогтоолыг УИХ-ын тусгай тогтоолоор гаргасан. УИХ-ын тогтоолд энийг Хөгжлийн банкнаас, энэ төслийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн дэлгэрэнгүй тогтоол гаргах боломжгүй. 

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

 

-Та АСЕМ гэдэг арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой шийдвэрийг яриад байна. Бид АСЕМ арга хэмжээний зөв буруу, ач холбогдлыг яриагүй. Зөвхөн санхүүжилт ярина гэж тодотгож хэлсэн. 2011 оноос хойш УИХ-аас Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхтэй холбоотой ямар ч шийдвэр гараагүй гэсэн дүгнэлт гарсан. 

 

Сангийн сайд асан С.Баярцогт:

 

-Байгаа. Та хуульч хүн. Гэхдээ Хөгжлийн банкны хуулиа сайн ойлгоогүй бололтой. 226 дугаар тогтоолыг гаргахад Хөгжлийн банкны хуулийн 8.1 дүгээр заалтыг үндэслэсэн. Энэ заалт нь УИХ-аас баталсан Хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зээл олгоно гэсэн заалт байгаа. 

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

 

-Таныг МSC групптэй холбоотой гэж ярьдаг. Сонин хэвлэлээр ч гардаг. Энэ чинь үнэн юм уу, яагаад энэ компанид давуу эрх үүсгээд 125 тэрбум төгрөг олгосон бэ.  Түүний 92 тэрбумыг энэ компани өөрийнхөө арилжааны зээл бондын төлбөрт зарцуулж, амины орон сууц барьчихсан. Төрийн тусгай хамгаалалттай Богд хан ууланд 10 мянган га-аар зээл өгөөд, амины орон сууц бариад, өөрсдөө амьдардаг давуу байдал яагаад бий болгоод байгаа юм бэ.

 

Сангийн сайд асан С.Баярцогт:

 

-Нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би МSC компанитай ямар ч холбоогүй. Хоёрдугаарт, түр хорооны дарга гишүүд асуудлаа сайн судал. АСЕМ-ыг байгуулах ажлын хэсэг Гадаад хэргийн яаманд байгуулагдсан. Бүх Засгийн газрын хурал болон Үндэсний зөвлөлийн хуралд оруулж ирж буй материалыг Гадаад хэргийн яамнаас оруулж ирсэн. АСЕМ-ийн санхүүжилт хувийн хэвшлээс, гадаадын зээл тусламжаас бүрдсэн. АСЕМ-ыг зөвхөн Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн гэж ойлгож болохгүй.  АСЕМ сан гэж байгуулагдаад Монгол Улсын иргэд, хувийн хэвшлээс хандив дэмжлэг ирсэн. 

 

Б.Нандин

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин