УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос хаалттай танилцуулж, шийдвэр гаргах юм. 

Өчигдрийн Халдашгүй байдлын дэд хороо болон МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг дэмжсэн билээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг шүүхийн байгууллага дээр нээлттэй хэлэлцэж, иргэдийн мэдэх эрхийг хангах ёстой" гэлээ.

"Нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэх бололцоо байгаа эсэхийг УИХ-ын Тамгын газар судлаад, тухайн үед танилцуулаарай" гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв. 

Үргэлжлүүлэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг дэмжиж, эцэслэн батлуулахаар шилжүүлэв. 

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан "Уг асуудал нь төрийн болон албаны нууцад хамаарах учир нээлттэй хэлэлцэх боломжгүй" гэсэн тайлбар өгөв. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ.

ШУУД ҮЗЭХ: