Боловсролын зээлийн сангийн асуудлаар БШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Уул уурхайн дэд сайд асан О.Батнайрамдалын хийсэн мэдэгдэл ямар нэгэн байдлаар улс төржсөн, улс төрд тодрох гэж оролдсон нялхсын өвчин болсон харамсалтай үйл явдал боллоо. 

Энэхүү зээлийн мэдээлэл ил тод болсон. Шилэн болсон мэдээллийг ямар нэгэн улс төрийн зорилгоор ашиглаж, улстөрчдийн болоод УИХ-ын гишүүд, хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаа хүний нэр хүндэд халдаж байна. 

Жишээлбэл, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүүхэд Боловсролын зээлийн сангаас зээл авсан нь үнэн. Түүний хувьд хиймэл оюуны чиглэлээр суралцсан юм билээ. Монгол Улсдаа хиймэл оюун ухааны чиглэлээр ирж ажиллаад, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд чөлөөлөгдсөн юм байна. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хүүхэд зээлээр биш, тэтгэлгээр суралцсан юм байна. Тэтгэлэгт олон улсын болон дэлхийн олимпиадад алт, мөнгөн медаль авсан хүүхдийг хамруулдаг. Ингэхдээ тухайн хүүхдийг урилга ирсэн сургууль руу нь явуулдаг зохицуулалттай. 

Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хүүхэд зэрэг нь аав ээж нь хэн байхаас үл шалтгаалан дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцэж, явж байсан юм байна лээ" гэж мэдээлэв.