УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Засгийн газраас төсвийн тодотгол хийх саналаа бэлтгээд өнөөдөр эцсийн байдлаар намын бүлэгт танилцууллаа. Маргаашдаа багтаан УИХ-д Засгийн газраас 2023 оны төсөвт тодотгол хийх саналаа өргөн барина.

 

төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Эхний ээлжид долдугаар сарын 1-нээс  соёлын, спортын, нийтлэг үйлчилгээний ангилалд багтаж байгаа төрийн албан хаагчдын цалинд өөрчлөлт оруулна. Харин аравдугаар сарын 1-нээс бусад төрийн албан хаагчдын цалинг нэмнэ.

Тэтгэврийн хувьд хоёр янзын зөрүүг олон жил ярьж ирсэн. 2000 оноос өмнө тэтгэвэрт гарсан буюу цалингийн суурь бага байхад тэтгэврээ тогтоолгосон одоо хүртэл бага байгаа зөрүү байгаа юм. Нөгөөх нь өмнөх оны хоёрдугаар сард тэтгэвэр нэмэгдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж, бага болон дунд шатлалд авдаг байсан тэтгэвэр авагч нарын цалингийн зөрүү хэтэрхий их ойртож, ялгаатай байдал арилсан. Эдгээр гажуудлыг бүрэн арилгана.

Мэргэжил нэгтэй, ижилхэн жил ажилласан хүмүүс адил тэтгэвэр авна гэсэн үг. Үнийн өсөлттэй уялдуулж, нийт тэтгэвэр авагчдын санг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан" гэдгийг хэллээ. 

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох нь зүйтэй гэж бүлэг үзлээ. Өнгөрсөн хугацаанд буюу нэгдүгээр сараас хойш тэтгэмжээс хасагдсан хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгох чиглэл гарлаа. Мөн суурь цалин, тэтгэвэр, тэтгэмжид өөрчлөлт оруулна. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд 1.3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай. 2022 оны төсвийн баланс 1.5 их наяд төгрөгөөр сайжирсан. Төсвийн алдагдал буурч, валютын нөөц нэмэгдсэн" хэмээв. 

Харин УИХ-ын гишүүдийн тоотой холбоотой асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт гишүүдийн тоог 126 гэдгээр дэмжихээр болсон. 2023 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэр гаргах нь зүйтэй гэж намын бүлэг үзсэн" гэдгийг хэллээ. 

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэв. 

Төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийг нэмэгдүүлэх талаар тэрбээр дараах мэдээллийг өгсөн юм. 

Энэ талаар "Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар хүмүүс нэлээд их тоо ярьж байна. Зөв, буруу мэдээлэл түгээх вий гэдэг үүднээс зарим нэгэн зүйлийг тодруулж хэлье.

Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын хамгийн доод цалин 565,000 төгрөг байгаа. Долдугаар сарын 1-нээс 750,000 төгрөг болгож нэмэгдүүлнэ.

Мөн төрийн бусад үйлчилгээний салбар дотор эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан багтдаг байсан. Үүнийг нэгтгээд төрийн мэргэжлийн үйлчилгээ гэх нэг ангилал, зэрэглэлд оруулна. Төрийн үйлчилгээ, соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын хооронд ангилал, зэрэглэлийн ялгаатай. Улмаар цалингийн ялгаа их гардаг асуудлыг арилгах юм.

Төрийн захиргааны бусад байгууллагыг бодвол салбар яамдын ажилчид харьцангуй өндөр цалинтай. Жишээлбэл, агентлагуудын цалинг харьцуулбал бага байна. Үүнийг тэгшитгээд төрийн захиргааны бүх байгууллагын суурь цалинг хамгийн бага хэмжээндээ нэг сая төгрөг байхаар нэмж оруулж байгаа.

Төрийн тусгай албан хаагчдын цалин харилцан адилгүй. Цагдаагийн цалин 999,800 төгрөгөөс эхэлж байсан. Энэ цалинг сая төгрөг рүү аваачиж байна. Мөн бусад төрийн тусгай албан хаагчдын цалин сая төгрөгт хүрнэ гэсэн үг.

Ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргын хооронд маш бага ялгаатай байгаа. Тодорхой хэмжээгээр олон жил ажилласан туршлага гэж нэмж өгсөн" хэмээн хэлэв. 

Үргэлжлүүлэн "Тэтгэврийн зөрүү нь ахмадуудын хамгийн том асуудал. Хамгийн сүүлд 2014 онд итгэлцүүрийг шинэчилсэн юм билээ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд зургаан удаа л итгэлцүүр нэмж байсан. Нийгмийн даатгалын багц хуульд итгэлцүүрийг жил болгон нэмэхээр хуульчилсан. Ингэвэл инфляцтай уялдаад өмнө, хойно тэтгэвэрт гарсан хүмүүсийн хооронд тэтгэврийн ялгаа үүсэхгүй болох суурь тооцооллыг хийгээд төсвийн тодотголоор шийдэж байна.

Инфляцтай уялдуулж бүх ахмадын тэтгэвэр 10 хувиар нэмэгдэж орж ирнэ гэсэн үг. Цахимаар "ахмадуудын суурь тэтгэвэр 700,000 болох гэж байна" гэх мэдээлэл гарсан байна лээ. Буруу мэдээлэл түгээвэл бухимдал үүсдэг учраас та бүхэнд танилцуулж байгаа юм.

Өмнө нь ахмадуудын 50 хувь нь хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Гэтэл өнгөрсөн онд энэ тоо 70 хувь болж нэмэгджээ. Улмаар маш их бухимдал үүсэж байсан. Энэ нөхцөл байдлыг төсвийн тодотголоор нэмж оруулж өглөө.

Хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийг батлахаар ажиллаж байна. Нийгмийн даатгалын багц хууль батлагдсан даруйд тэтгэврийн зөрүү гэдэг хамгийн том асуудал шийдэгдэнэ" гэж ярилаа.