Ирэх сонгуулийн хамгийн гол “өнгө” эдгээр өдрүүдэд тодорхой болох нь. Нэр дэвшигчдэд аль нэг хүйсийн эзлэх хувийг 30-аас доошгүй хувь байхаар санал нэгдсэнээ эрх баригч нам 100 хоногийн өмнө мэдэгдсэн. Гэвч эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид болгоомжилсоор байв. Хэдийгээр 30 хувь гэдэг тоо хүний эрхийн том дэвшлийг илэрхийлж байгаа ч энэ квотын талаар сөхөх бүрт 20 хувь болгон бууруулж дахиад молиго үмхүүлэх вий гэсэн айдас, болгоомжлол төрсөн хэрэг. Гэтэл энэ болгоомжлол бодит болон биелэж саарал ордонд суугаа эрх баригчид дахиад л хэлснээсээ буцаж парламентад тэгш төлөөлөл хангах зарчмыг байнгын хорооны босго ч давуулсангүй унагаж орхив. Өөрөөр хэлбэл, яг одоо хэлэлцэж байгаа Сонгуулийн хуульд хүйсийн тэгш төлөөлөл 30 хувь байх уу, 40 байх уу гэдгийг шийдэх хүмүүсийн 83 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Гэхдээ эхний байдлаар эрчүүд маань нэр дэвшүүлэх эмэгтэйчүүд олдохгүй гэсэн шалихгүй шалтаг хэлж суугаа гэх. Гэхдээ энэ удаагийн тэгш төлөөллийг хангах 30 хувийн квотоор улстөрчид, тэр дундаа хууль тогтоогчдын 80 гаруй хувийг бүрдүүлж байгаа эрчүүд амласандаа хэр хүрдгийг харах сайхан боломж гарч ирлээ. Ялангуяа, олон улс, НҮБ-ын өмнө өгсөн амлалтдаа хүрэх эсэхийг энэ парламент шийдвэрлэх юм. Тиймээс Их хурал Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахдаа нийгмийн бүлгүүдийн төлөөллийг нэмэгдүүлнэ хэмээн гишүүдийн тоог 40 хувиар өсгөчихөөд хүйсийн квотыг 40 хувиар баталж чадах зоригтой байх хэрэгтэй, Засгийн газрын 1:1 хүйсээр ээлжлэх жагсаалт, МАН-ын 30 хувь, АН-ын 40 хувь, ХҮН 50 хувь гэсэн амлалтууд нь юу болсон гэдгийг иргэний нийгмийнхэн хүчтэй шахаж шаардсаар байна. Учир юу гэвэл, өнөөдрөөс яг хоёр сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 10-11-нд “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний үеэр улс төрийн арван нам амлалт өгч, түүнийгээ гарын үсгээр баталгаажуулсан юм. Энэ үеэр нэр дэвшигчийн квотыг нэмэгдүүлэх, нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоо, тэнцвэртэй төлөөллийг хангахаа амласан. Түүнчлэн шийдвэр гаргах бүх түвшинд аль нэг хүйсийн төлөөллийг 40-өөс доошгүй хувьд хүргэх, сонгуульд нэр дэвшүүлэх болон төрийн, улс төрийн албанд томилохдоо хүйсийн тэгш байдлыг хангах, гарааны тэгш нөхцөлийг бүрдүүлэх санхүүжилтийн арга, механизмуудыг хэрэглэхээ мэдэгдсэн. Ингэж амлаж гарын үсгээ зурж баталгаажуулсан нотолгоог хэвлэл мэдээллийн байгууллага, өдөр тутмын сонинууд хадгалж авч үлдсэн. Тиймээс намын дарга нар олон нийтэд, хүн амын талаас илүү хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн өмнө амласнаа биелүүлэх эсэхээр сонгуулиар “худал” ярих эсэхийг нь  дүгнэж ч болохоор байна. Хэрэв амлалтаасаа урваж, нүүр буруулан тэгш төлөөллийн квотыг бууруулж дахиад л өмнөх шигээ молиго үмхүүлэх юм бол улстөрчид, эрэгтэйчүүд худал ярьдаг, хэлсэндээ хүрдэггүй гэдэг “тэнэмэл” яриаг өөрсдөө баталж өгнө. Бүр сонгуулийн гараан дээр ирээ ч үгүй байхдаа амлалтаасаа ухарч байгаа намын удирдлагууд сонгууль дөхөөд ирэхээр ямар араншин гаргах вэ гэдэг замын зураг зурагдаж эхэллээ. Намууд нэр дэвшүүлэхэд тэгш төлөөллийг хангах 40 хувийн квотыг эхний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр унагасан. Гэсэн ч өчигдөр спикер болон Ж.Сүхбаатар нарын гишүүд дэмжиж оруулж ирснээр чуулганы хуралдаан дээр эргээд "бослоо".  Тиймээс өчигдрийн тухайд тэд хамгийн жендэрийн мэдрэмжтэй гишүүдээр нэрлэгдэв. Гэхдээ санаа амрах болоогүй. Дахиад хэлэлцүүлгүүд өрнөнө. Дэмжиж баталчихаад хэрэгжүүлэхдээ хүчингүй болгосон гашуун жишээ бий.

Жендэрийн тэгш байдал бол нийгмийн асуудал, хөгжлийн шалгуур үзүүлэлт, ардчиллыг тодорхойлох хамгийн чухал үнэлэмжийн нэг. Харин олон хүний эрх ашгийг төлөөлөх “бодлого” гаргах боломжийг бүрдүүлж өгөх үү гэдгийг шийдвэрлэхэд гол оролцоотой УИХ-д суудалтай намын удирдлагууд НҮБ-ын өмнө юу гэж амласныг эргэн сануулья. Мартсан бол эргэн санаг, үгүй бол худал ярьсных нь нотолгоо болох биз ээ.

 

УИХ-Д СУУДАЛТАЙ ГУРВАН НАМЫН АМЛАЛТ

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-Сонгуулийн тухай хуульд аль нэг хүйсийг 20 хувиас доошгүй байхаар тусгадаг ч бодит байдалд 17 хувиас хэтрэхгүй байгаа тул энэ удаад бодит чанарын өөрчлөлт бий болгох зорилго тавьж байна. Тиймээс одоо хэлэлцэж буй нэмэлт өөрчлөлтөд сонгуулийг 38/38 холимог тогтолцоогоор зохион байгуулах бөгөөд пропорционалаар нэр дэвшүүлэх хүмүүсийн 50 хувь нь эмэгтэй байх зохицуулалт тусгах санаачилгыг МАН гаргаж, Засгийн газраар дамжуулан өргөн бариад байгаа. Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байх зохицуулалтыг баталж, хэрэгжүүлж чадвал жендэрийн тэгш байдлыг хангахад бодит үр дүн гарна.

 

АН-ын дарга Л.Гантөмөр:

-Сонгуулийн ажлынхаа 60-70 хувийг эмэгтэй нэр дэвшигч рүүгээ чиглүүлэхээр төлөвлөж байна. Улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчийг аль хэцүү тойрогтоо, хэн нэгэн хүнд тавьж өгөхөөс илүүтэй нэр дэвшүүлсэн эмэгтэй бүрийг ялуулах зорилгын төлөө нэгдэж, ажилладаг байх хэрэгтэй. Манай нам 2023 оныг “Эмэгтэйчүүдээ дэмжих жил” болгон зарласан. Намынхаа бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувьд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Бид УИХ, аймгийн ИТХ-д нэр дэвших 300 эмэгтэйг бэлтгэж байна. Эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх, ялуулах гэх мэтээр ярих нэг өөр, хийж хэрэгжүүлэх бас нэг өөр хэрэг. Гарын үсэг зурсан учраас бид амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллана.

 

ХҮН-ын дарга Т.Доржханд:

-Монгол Улс шинэчлэгдэж, хөгжмөөр, парламент олон талын төлөөлөлтэй болмоор, ялангуяа УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлмээр байна. Үүний тулд үг биш, үйлдэл чухал. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог болгох, квотыг 30-аас доошгүй хувьд хүргэх мөн жагсаалтыг эрэгтэй, эмэгтэйгээр сөөлжүүлэх гэх мэт дэвшилт олон заалтыг манай нам дэмжиж байгаа. Бид бүхэн Засгийн газраас оруулж ирсэн эдгээр саналыг дэмжиж,  УИХ-аар батлуулах нь зүйтэй. Ирэх жилийн сонгуулиар манай намаас нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байхаас гадна Улаанбатар хотын дарга зэрэг томоохон албан тушаалд эмэгтэй хүн томилох зарчим баримталж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин