Нүүрсний сонсгол гэж намуудын мөрийн хөтөлбөр шиг биелдэггүй, дуусдаггүй үлгэр байна аа. Хавраас хойш л “...Нүүрсний сонсгол” гэж ярьцгаалаа. Болдоггүй. “...Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэдэг хэлц байдаг даа. Түүн шиг л юм. “...Одоо л болох нь уу” гэхээр болдоггүй. Олон нийт хүлээгээд л байдаг.

 

УИХ-ын хаврын чуулган энэ долоо хоногийн баасан гарагт хаалтаа хийнэ. Хаалтын өдөр нь Г.Ганболдын ахалдаг Нүүрсний түр хороо тайлангаа тавина. Тэгээд тэр Түр хороо татан буугдана. Хууль нь ч тийм. Тэгэхээр Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсэг Нүүрсний сонсгол хэзээ вэ гэдгийг тогтоох ёстой.

 

Ер нь бол УИХ-ын дарга Г.Занданшатар хавраас хойш дуншсан нүүрсний сонсголыг гацаанаас гаргасан юм. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 16-ны “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамждаа “...Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт,  холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн. Энэхүү ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг оруулсан. Захирамж ёсоор тэд нүүрсний сонсголын бэлтгэлийг базааж, 2023 оны долдугаар сарын 1-ний дотор танилцуулах ёстой.

 

Х.Нямбаатар 2023 оны зургадугаар сарын 20-нд “...Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэл шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тендер, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлын хангах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. УИХ-ын хяналт шалгалтын хуулиар Хяналтын сонсголыг зөвхөн түр хороо явуулах хуультай. Манай ажлын хэсэг “...Нотлох баримтыг шинжлэн судлах хяналт шалгалт зохион байгуулъя” гэдэг дээр нэгдлээ. Маргааш ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргана. Санал дүгнэлтийн нэгдүгээр агуулга нь нүүрсний асуудлаар бие даасан Түр хороо байгуулах, хоёрт, Түр хороо нь дараах хүрээгээр хяналт шалгалт сонсгол явуулах чиг үүрэгтэй байна. Олон оролцогчтой сонсгол явуулах учраас цаг хугацааны дарааллаа тусад нь санал дүгнэлтэд оруулна” гэж мэдээлэл өгсөн. Тэгээд таг болсон.

 

Ер нь “Иргэд, олон нийт нүүрсний сонсголыг яагаад хүлээгээд, анхаараад байгаа юм бэ” гэдгийг шийдвэр гаргагчид, эрх баригчид бодох ёстой юм. Өнгөрсөн өвөл, хавраар Хөгжлийн банкны сонсголыг Б.Энхбаяр ахалж байгаад явуулсан. Нийтээрээ энэ зээл хуй, түүний цаадах өгөө, авааны талаар мэддэг болсон. Тиймээс нүүрсний хулгайг ч гэсэн мэдэхийг хүсэж байгаа хэрэг.

 

Учир нь Хөгжлийн банкны хөрөнгө ч, Тавантолгойн нүүрс ч нийтийн өмч юм. Тэр утгаараа, оффтейк гэрээний наана, цаана хэний эрх ашиг шингэсэн бэ. Энэ гэрээнүүдийн улмаас “Эрдэнэс Тавантолгой” хохироод үлдсэн үү, эсвэл “Бодь интернэшнл” хэлмэгдээд байна уу. Нүүрсний “ам нөхцөл”-тэй гэрээ ямар замаар, яаж хийгддэг байсан бэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерүүд хэн гэдэг босстой, ямар сүлжээний гарт байдаг вэ. Нүүрсний сонсголыг хавраас хойш “барьсан” гэж чичлүүлээд байгаа Г.Ганболд гүтгүүлээд байна уу. Эсвэл сонсгол хийх гэж байхад нь АТГ загнаад болиулчихсан нь үнэн үү. Эдгээрийг монголчууд бүгдээрээ мэдэх эрхтэй. Хамгийн гол нь энэ бүхнийг бид мэдэхээр хэний эрх ашиг хөндөгдчих гээд байгаа нь бас сонин байгаа юм. Яагаад гэхээр нүүрсний сонсголд хэн нэгэн, ямар нэгэн том “гацаагч” байгаад байна. Ийм хардлага сүүлийн үед газар аваад эхэллээ. Нүүрсний сонсгол нэг иймэрхүү л явдалтай байна. Тэгэхээр тэсвэр тэвчээр гаргаад хүлээж л таарах нь. Манай монголчуудын албан бус цаг хугацааны хэллэг байдаг даа. Өвөл болохоор “...Шинэ жилийн өмнө”, “...Цагаан сарын дараа” гэж ярьцгаана. Зун болохоор “...Наадмын өмнө, дараа” гэнэ. Ингэж болзоно, товлоно. Үүгээр бол нүүрсний сонсголыг наадмын өмнө хийхгүй нь тодорхой болов. Энэ хаврын чуулганы хугацаанд амжихаар ч үгүй болчихлоо. Тэгэхээр намар руу л “шидчих” шиг боллоо. Одоо  наадмаа л ярьж байх уу даа, хэдүүлээ?!

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин